
Олон мэнгэтэй байх нь хүний эрүүл мэндэд муу гэсэн санаа бодлыг Английн эрдэмтэд няцаажээ. Харин ч мэнгэнүүд нь урт насалж, бие маш эрүүл байгаагийн шинж гэдгийг илрүүлсэн байна. Лондоны Хатан хааны коллежийн шинжээчид энэ судалгааг хийжээ. Тэдний хэлснээр, биедээ 100 гаруй мэнгэтэй байж болох хүмүүсийн хөгшрөх нь удаан бөгөөд жинхэнэ наснаасаа дунджаар долоон насаар залуу харагддаг байна. Үүнээс гадна, тэд өөрсдийг нь ясны эд гэмтэх өвчнөөс хамгаалдаг илүү бат бөх ястай байдаг ажээ. Тэрчлэн мэнгэ нь булчин сайн хөгжиж, нүд, зүрх эрүүл байхыг хангаж өгдөг гэдгийг тэмдэглэж байна.
Төрөлхийн мэнгэ нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэж болохыг эрдэмтэд няцаахгүй байгаа ч, эрүүл мэндэд мэнгэний ашиг тус нь хор хохирлоосоо их гэж тэд үзэж байна. “Саяхан болтол бүгд л мэнгийг тоодоггүй байсан юм. Гэтэл 60 настайдаа нэлээд хэдэн насаар залуу харагддаг олон мэнгэтэй хүмүүсийг бид мэднэ. Мэнгэ бол ялангуяа хүүхэд насанд бараан өнгийн нөсөө ялгаруулж, түргэн гууждаг эсийн үр дүн юм.Ийм эсүүд нь дунд хэрийн насанд байнга шахуу алга болж, гэхдээ зарим мэнгэ цаашид олширдог” гэж генетикч Тим Спектор энэ нээлтийг тайлбарлаж хэлсэн байна.
Судалгаанд 18-79 хүртэл насны 1200 хүн хамрагджээ. Нэг зуу гаруй мэнгэтэй хүмүүс ясны эд гэмтэх өвчнөөр хоёр дахин цөөн өвчилж, нэлээд залуу харагдаж байжээ. Энэ нь олон мэнгэтэй хүмүүс их урт теломертэй (эсийг муудахаас сэргийлэн, нөхөн үржих боломж олгодог ДНК-гийн хэсгүүд) байдагтай холбоотой юм. Теломерүүд нь хичнээн урт байвал, хүний хөгшрөх нь удаан байдаг гэж тайлбарлаж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ