Давхар татварын гэрээг цуцлахыг дэмжлээ

img

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Кувейт, Люсембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Хэлэлцээрийн “Дуусгавар болгох” гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.

“Айвенхоу Майнз” компани “Саудгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна. Түүнчлэн “Оюутолгой” компани Нидерландын Вант Улсад бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч чадахгүйд хүрээд байгаа юм байна.

Давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл юм байна. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар" “Оюутолгой” компанитай холбоотой асуудлыг хөндөн асуусан. Тэрбээр, “Нидерландын Вант Улстай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн татвар төлөх асуудал хэрхэн шийдэгдэх вэ” хэмээн лавласан.

Сангийн сайд Ч.Улаан "Гэрээг зохих журмын дагуу цуцласнаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй болно. Тухайн компани татвараа давхар төлөөд явах уу, эсвэл Монголд бүртгүүлээд татвараа төлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх байх. Ер нь Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдан ажиллаж байгаа" гэсэн юм.

Гэрээнүүд цуцлагдсанаар гадны хөрөнгө оруулалтын хэмжээ буурч магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Үүнд хариулт өгөөч гэж Б.Гарамгайбаатар гишүүн тодруулсан.

Сангийн яамны ажлын хэсгээс тайлбарласнаар гадны хөрөнгө оруулалтад төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Нидерландаас гэхэд манай улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт бага юм байна. Харин завсрын компаниуд олон байдаг гэж хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд,“Дээрх ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерланд татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Оюун гэрээнүүдийг цуцлах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Дараа нь “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгсөний дагуу манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох талуудад тавьсан ажээ. Энэ удаад Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг оруулж ирж байгаа бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene tsolmon tenegiig Uih gishuunees zailuulaachee,bas baingiin horoonii dargaa sain duraaraa butsaaj igoh heregtei. Iim l Enkhbayariin daalgavariig bieluuleh gesen novshnuud uls eh oron,ard tumnii hogjild mah ih saad bj bnaa. Buzar yanhan shuudee ger buleeree
2012-10-31
munkhuu:
tatvaraa avch chadaxgui gd bsan ni iim uchirtai bdag bxnee muusain luivarchid,yagaad iim novshnuudiig anxnaas ni davraadag bnaa,ene ex oronii toloo gsn setgeltei alban tushaaltan er ni bna u
2012-10-31
ОЮУТОЛГОЙ-МОНРОУД ГАРАМГАЙБААТАР:
оюутолгойн нисэх буудал, манлайгаас оюутолгой, оюутолгойгоос-гашуунсухайт хүртэл замыг гарамгайбаатарын монроуд тавьсныг мэдэхүү Гарамгайбаатар их санаа зовж дээ
2012-10-31