Э.Амарбат: Буруутай бол хариуцлага хүлээх ёстой

-Хууль зүйн дэд сайдын өрөөнд АТГ-ын мөрдөн байцаагч зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх мэдээлэлд тайлбар өгөөч?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг саяхан шүүхээр шийдвэрлэснийг та бүхэн мэднэ. Уг хэргээс эзэн холбогдогч нь хилийн чанд руу оргон зайлсан хэд хэдэн хүний хэргийг тусгаарласан. Хэрэгт сэжигтнээр татагдсан хүн гадаад руу зугтсан бол олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахыг хуулийн дагуу явуулдаг. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан илгээсэн байна. Интерполын Монголын товчооноос дээрх утгатай имэйл тус газар руу явсан байна. Эл имайлыг тодруулж өгөх хүсэлт манайд ирсэн.
- Хууль зүйн дэд сайд Интерпол руу захидал илгээхдээ ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ?
-Интерполын хуулийн дагуу аливаа этгээдийг эрэн сурвалжлах болон бусад ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулах зохицуулалттай.
Гэтэл дээрх зохицуулалтаас гадуур захидал ирсэн байна гэсэн утгатай цахим захидал Интерполын нарийн бичгийн даргаас ирсэн. Эл асуудлыг шалгаж байна.
-Ямар үндэслэлээр дэд сайдыг шалгах болсон юм бэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх, саад хийх аливаа оролдлого гаргасан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татсан. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой. Дэд сайд Э.Эрдэнэжамъян төрийн албан тушаалаа ашиглаж дээрх цахим захидлыг илгээсэн бол хуулиар хариуцлага хүлээх учиртай.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ