Сүүлийн үед Ардын Намыг бутарч, тарж байгаа мэтээр өрсөлдөгчдийн зүгээс хар PR цацах боллоо. 100 шахам жилийн түүхтэй зүүний үзэл баримтлалтай энэ нам үнэн хэрэгтээ чадварлаг лидерүүдийн хүчинд болон 100, 100-н мянган гишүүд дэмжигчдийнхээ хүчээр харин ч жинхэнэ хөгжлийнхөө эрин үед ороод байгаа гэж би боддог.
МАН-ыг дан ганц цэнгэлийн манлайд хүргэх чадварлаг лидерүүдийн түүчээ болсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг нэн тэргүүнд онцлон бичиглэхийг хүслээ. 1960-аад оны дунд үеэр эзэн Чингисийн хүй дарсан өлгий нутагт хожмоо монгол төрийг удирдах нэгэн аугаа хөвгүүн төрсөн нь Ухнаагийн Хүрэлсүх байлаа. Хэнтийн нэрт удган нэгэн бээр түүнийг эзэн Чингисийн хойд дүр хэмээн хэлсэн нь оргүй хоосон биш гэдгийг болсон хийгээд болох үйл явдлуудын дүр зургаас харж болно.
Үнэхээр ч энэ залуу 10 дугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд орсон нь цохилох зүрхтэй эх оронч гэдгийг нь тодотгодог. Цэргийн сургуульдаа эвлэлийн үүрийн дарга хийж, нийгмийн идэвхээр бусдыгаа манлайлж байсныгаа өөрөө нэгэнтээ өгүүлсэн байдаг. Залуухан коммунист тухайн үеийн МАХН-ын удирдлагуудад захидал бичсэний үндсэн дээр намын аппаратад орж ажилласан байдаг. Тэрбээр намын доторх залуучуудын үзэл суртлыг хариуцан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэргийг нэр төртэйгээр залгамжилж чадсан юм. Орь залуугаараа намынхаа үйл хэрэгт оролцсоныхоо үрээр боловсрол чадамж нь оройлон хөгжиж, намынхаа төдийгүй монгол улсын хэмжээний чадварлаг лидер нэгэнт болж чаджээ.
Хэдийгээр армиас холдсон ч гэлээ түүнд хурандаа цол олгосон нь нүдээ олсон хэрэг гэдгийг эр хүний халуун зоримог цөс ихтэй зангаас нь мэдрэгддэг. Тэр үхээнц дорой, нялцгай нэгэн биш. Эр цэрэгт хатуужсан хурандаагийн хувиар адгийн шааруудыг цохиж унагах нь энүүхэнд. Эзэн Чингис эцэг нэгтэй ах Бэгтэрийгээ харван хөнөөж байсан түүхтэй. Тэгвэл түүний хойд дүр болсон У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө олон долоон үгээр биш эр хүний жинхэнэ хүчит нударгаар номхотгож чаддаг.
Манай намд байсан Бямбасүрэн гэгч өвгөнийг нам цохисон нь зөв байсныг цаг хугацаа харуулж байгаа. Учир нь Бямбасүрэн гэгч өнөөдөр намаасаа урван элэг буруутантай нийлэн дайсагнаж явна шүү дээ. Мэдээж хэрэг энэ аугаа лидерийг найман зууны тэртээх эзэн Чингистэй харьцуулах нь дэндүү өрөөсгөл учраас орчин үеийн дэлхийн шилдэг лидерүүдийн заримтай нь дүйцүүлж болох юм. Хүрэлсүх дарга маань ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тун ч төстэй. Өнгөрөгч хавар интернетэд Путин Хүрэлсүх дарга хоёрыг адилтгасан олон зураг тавигдсан байсан. Ер нь У.Хүрэлсүх маань Путинээс насаар л залуу болохоос бус бусад олон зүйлээрээ дэндүү илүү юм.
Хошин жишээ дурьдахад жүдоч В.Путиныг манай Хүрэлсүх дарга ганц л цохилтоор унагаж чадна. Энэ нь зодоонч гэдгийг нь хөхиүлээд байгаа юм биш, удирдагч хүн хүчирхэг байх ёстой гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Тиймээс би У.Хүрэлсүхийг монгол улсын ирээдүйн Ерөнхийлөгч гэж хардаг.
Энэ удаад манай намын ялагдсан нь У.Хүрэлсүхтэй огт холбоогүй. Өмнөх удирдлагуудын олон жилийн бугшсан дутагдлаас болж түр зуур л намын нэр хүнд олны дунд жаахан тиймэрхүү болоод байгаа. Харин ч унаж явсан нэр хүндийг У.Хүрэлсүх тэргүүтэй удирдлагууд маань өргөн тэтгэж, ухаалаг удирдаж чадсаны үр дүнд эргээд босгож байна. Манай намыг хуучин нэрээр нь гадаадын улс орнууд хүлээж авах нь хүндрэлтэй байсан гэдэг. Ийм хүнд цаг үед жинхэнэ удирдагч, эзэн Чингисийн хойд дүр болсон У.Хүрэлсүх дарга маань оройлон удирдаж уугуул нэрээ сэргээж чадсан билээ.
Зөвхөн энэ жишээ л У.Хүрэлсүх даргыг түүхэнд алтан үсгээр бичих болно. Намыг хүнд үед нь ганцхан энэ хүн л улаан цээжээрээ хамгаалж чаддаг байлаа. Иргэний хөдөлгөөнүүд намын байр луу дайран орж туг далбааг маань уран тасчихад У.Хүрэлсүх дарга маань л хилэгнэн тэмцэж байсан. Үнэхээр бахадмаар, биширмээр лидер гэдгийг нь монголын ард түмэн хайрлан харж байсан билээ. Нам ард түмнээ сонсох аяны үеэр У.Хүрэлсүх дарга өөрийгөө боловсруулан чадваржуулахын тулд номноос салдаггүй гэдгээ хэлж байсан. Ер нь боловсрол мэдлэг, ёс суртахуун, сэтгэл зүрх, эр зоригоороо манай намыг авч явах лидер бол У.Хүрэлсүхээс өөр хэн ч биш.
Энэ хүнийг би 2016 онд нам ялбал Ерөнхий сайд, эс бөгөөс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намаас нэр дэвших хүчирхэг лидер хэмээн боддог. Энэ бол ганц миний ч биш монголын ард түмний олонхийнх нь чин хүсэл юм. Н.Энхбаярын хэмжээгүй ноёрхлын үед “та дарга юмуу, танай эхнэр дарга юмуу” гэж хэлж чадсан цорын ганц эр зоригтон бол У.Хүрэлсүх. Монголчуудад хатуу гар хэрэгтэй байгаа. Яг л Х.Чойбалсан шиг энэ улс орныг удирдаж чадах хүн бол У.Хүрэлсүх юм.
Ер нь төрийн тэргүүн ард түмнээ хатуу гараар барьснаар буруутахгүй. Чилийн Пиночитээс эхлээд олон арван удирдагчийг нэрлэж болно. Нэн ялангуяа цэргийн дэглэмтэй улс орнууд асар богино хугацаанд хөгжсөн байдаг. Тэгвэл хурандаа У.Хүрэлсүхээр энэ улсыг удирдуулж гэмээнэ хоромхон зуурт л цэнгэлийн манлайд хүрэх буй заа.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ