Цагаан алтны уурхайд дахин бослого гарлаа

img

Өмнөд Африкийн цагаан алтны уурхайд өчигдөр дахин бослого үймээн гарчээ. Йоханесбургын ойролцоох алтны уурхайнуудад сүүлийн  хэдэн сарын  турш ажил хаялт, бослого үймээн тасрахгүй байгаа бөгөөд уурхайн ажилчдыг мянга мянгаар нь ажлаас нь  халж байгаатай холбоотой юм. Өчигдөр болсон бослогод “Anglo-American Platinum” уурхайн 1000 гаруй уурхайчид оролцсон бөгөөд тэд хотын төв замыг хааж жагсаал хийжээ. Босогчдыг энгийн аргаар тараах боломжгүй байсан учир цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу зэргийг ашиглахад хүрчээ. Өчигдөр үүрийн дөрвөн цагаас эхлэн босогчид цугласан аж. Босогчид ажлын байрны асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ үйлдвэрийн ажилчдын цалингийн зөрүү  арьс өнгөний ялгаварлал их байгаа тухай ч ярьцгааж байсан юм. Босогчид хоёр сарын  турш ямар ч амралтгүй ажилласан хэдий ч цалин хөлсөө авч чадаагүй байгаа ажээ. Түүнчлэн “Anglo-American Platinum” уурхай сарын дотор 12 мянган уурхайчныг ажлаас халж орлогогүй болгосон байна. Мөн “Gold Fields” уурхай ч мөн 8100 уурхайчныг ажлаас халсан. Халагдсан уурхайчид эргэн ажилдаа орох хүсэлтэй байгаа хэдий ч уурхайн удирдлагууд тэднийг буцааж ажилд нь авахгүй гэсэн  байр суурьтай байгаа гэнэ. Энэ мэтчилэн бослого үймээнээр өнгөрсөн  найман сараас хойш 34 уурхайчин амиа алдаад байгаа. Өмнөд Африкийн эдийн засгийн хөдөлгөгч томоохон үйлдвэрлэл бол алтны уурхай юм. Гэтэл одоо хэр үүссэн асуудлаа шийдэж чадалгүй сунжирсаар байна. Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ