
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 29-ний өдөр Москва хотод болов.
Энэ үеэр олон талт хамтын ажиллагаа болон Гадаад харилцааны яамд хооронд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг, консул, цэрэг, техникийн салбарын болон аюулгүй байдал, хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.
Талууд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалан үргэлжлүүлэх, шинээр байгуулагдсан Засгийн газар хоорондын комисс, дэд комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэгт онцгой ач холбогдол өгч буйгаа харилцан тэмдэглэж, зөвлөлдөх уулзалтын үеэр хөндсөн асуудлуудыг тус тусынхаа холбогдох байгууллага, газар, албан тушаалтнуудад мэдээлэхээр тогтов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ