
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам эхлэхэд ердөө таван хоног үлдээд байна. Наадамд зодоглох бөхчүүдийн нэрс тодорсоор байгаа бөгөөд -85 кг-ын жинд МУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Афины Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар оролцох боллоо.
Жүдо бөхийн тамирчин Х.Цагаанбаатарыг үндэсний бөхийн Аймгийн арслан цолтой гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Тэрбээр Афины Олимпоос хүрэл медаль авчирсныхаа дараа буюу 2005 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.
Энэ мэтчилэн Монгол туургатны үндэсний бөхийн наадамд манай улсын шилдэг бөхчүүд оролцохоо мэдэгдсээр байгаа бөгөөд Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Сумын заан О.Үйтүмэн болон Аймгийн арслан Т.Баасанхүү, Аймгийн арслан Т.Мягмаржав нар -85 кг-ийн жинд зодоглох аж.
ОХУ-ын Буриад улсад явагдсан гуравдугаар наадмаас эхлэн бөхчүүдийг -85, +85 гэсэн хоёр жинд хуваах болсон билээ. Хоёр жинд хуваах болсноор -85 кг-ын жинд ОХУ-ын Тува улсын бөхчүүд дараалан түрүүлсэн бөгөөд энэ удаагийн тавдугаар наадамд Монгол Улсын бөхчүүд тус жинд хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ