
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс сүүлийн зургаан жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргааны талаар судалгаа гаргажээ. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаан 2007-2010 онд байнга өссөн бол 2011 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна.
Шүүхүүд Гэр бүлийн тухай хуулиар 2007 онд 3504, 2008 онд 3629, 2009 онд 4294, 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 оны эхний хагас жилд 1833 хэрэг, нийт 22441 хэрэг шийдвэрлэжээ. Сүүлийн зургаан жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний нийт хэргийн 12.7 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байсан байна.
Гэр бүлийн маргааны 78.2 хувь нь буюу 17562 нь гэрлэлт цуцалсан хэрэг байна. Гэрлэлт цуцалсан хэрэг 2007 онд 2579, 2008 онд 2703, 2009 онд 3295, 2010 онд 3856, 2011 онд 3642, 2012 оны эхний хагас жилд 1487 тус тус гарчээ. Үүнээс үзвэл 2007-2010 онд гэрлэлт цуцлалтын хэрэг тогтмол өссөн бол 2011 онд буурчээ. Түүнчлэн 2012 оны эхний хагас жилийн байдлаар гэрлэлт цуцалсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 447 хэргээр буюу 23.1 хувиар буурсан байна.
Гэрлэлт цуцлалтаас үүдэлтэйгээр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь ихээхэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Шүүхээс тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо сүүлийн 6 жилд 8313 байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулсан тохиолдол 2183 байгаа нь үүний нэг илрэл билээ.
Мөн хуулийн дагуу эцэг эх байх эрхийг нь хассан тохиолдол сүүлийн 6 жилд 47 удаа гарсан ажээ. Тухайлбал 2007 онд 3, 2008 онд 12, 2009 онд 16, 2010 онд 6, 2011 онд 7, 2012 онд 3 удаа ийм тохиолдол гарсан байна. Сүүлийн 6 жилд нийслэлд 17 хүн эцэг, эх байх эрхээ хасуулсан бол Дорнодод 9, Дархан-Уулд 5, Ховдод 4, Өвөрхангайд 3, Сэлэнгэд 2, Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгуудад тус бүр 1 хүн эцэг эх байх эрхээ хасуулжээ.
Түүнчлэн шүүхээс хуулийн дагуу эцэг тогтоосон тохиолдол сүүлийн 6 жилийн байдлаар 1942 байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ