Оюутан сурагчдыг Японд урьжээ

img

Японы Засгийн газар энэ жил Ази, Номхон далайн орнууд, Хойд Америкийн бүс нутгийн хүүхэд залуус болон Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүүхэд, залуусын харилцаа тогтоох зорилго бүхий “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон.

Монголоос 11 сард 175 ахлах ангийн сурагч болон оюутнуудыг Япон улсад урих гэж байгаа ба 10 сарын 31-ний өдрийн 14:00 цагт Японы Элчин сайдын өргөөнд тус хөтөлбөрт оролцогсдын төлөөллийг хүлээн авч үдэх арга хэмжээг зохион байгуулав.

Эхний ээлж 11 сарын 2-ноос 12-ны хооронд ахлах ангийн 90 сурагчдын баг, 2-р ээлж 11 сарын 16-наас 26-ны хооронд 75 ахлах ангийн сурагч, оюутнуудын баг хэмээн 2 хэсэгт хуваагдан Япон оронтой танилцах бөгөөд Токио хотод тайлбар танилцуулга хийсний дараа 1-р ээлжийн баг Ибараки, Фүкүшима муж руу, 2-р ээлжийн баг Иватэ муж, Хоккайдо руу тус тус аялана. Мөн 11 сарын 19-нөөс 3-р ээлжийн багийн 10 хүн Японд айлчлал хийн гамшигт өртсөн нутаг болоод 1995 онд Кобэд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр ихээхэн хохирол амссан Аважи аралд очихын хамт 11 сарын 24-ний өдөр тус арлын Өмнөд Аважи хотод болох “2012 оны Олон улсын Азийн хүүхдийн кино наадам”-д оролцоно.

Хүүхэд залуусын очиж танилцах муж, орон нутаг бүрт дэлхийн өнцөг булангаас үзүүлсэн тусламж, дэмжлэгийн ачаар гамшигт өртсөн бүс нутгаа хэрхэн эрчимтэй сэргээн босгож буй байдлыг нүдээр үзэхийн хамт тухайн орон нутгийн оюутан, сурагчидтай танилцах, тэдний сургуульд зочлох, япон айлд хонох, гамшгийн үеийн сургалт хийх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийнхээ тэмдэглэлт ойтойгоо золгож байгаа бөгөөд жилийн турш Засгийн газрын дээд хэмжээний харилцан айлчлал, соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээрээс 175 хэмээх өнөөг хүртэлх хамгийн олон тооны Монголын хүүхэд, залуус Япон оронтой танилцах энэ хөтөлбөр нь 40 жилийн ойн онцгой чухал арга хэмжээний нэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ed nar ochood yahav dee huuhduudiig avchirch bgaa l yum bodloo
2012-11-01
tsogbadrah:
ene yamar oyutanuud hamragdaj bgaa yum bol. yag ali surguuliin oyutan zaluus hamragdaj bgaaa talaarh delgerengui medeeleliig haanaas awah we hariu?
2012-11-01