Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх, судасны клиникийн эрхлэгч Б.Батболдтой хөдөлгөөний дутагдлын талаар ярилцлаа.
-Орчин үед хөдөлгөөний дутагдлаас болж хүмүүс маш олон өвчин ярих болсон. Эдгээр өвчний талаар байнга ярьдаг ч хүмүүс эмнэлэг л өөрийнх нь биеийг эмчилж байх ёстой мэт эм тариа шүтсээр ирсэн. Тэгэхээр яах ёстой талаар яриагаа эхлэх үү?
-Хүн төрөлхтөний түүхийг үзэхэд хүн маш их хөдөлж, өглөөнөөс шөнө болтол идэш хоолоо олж идэхийн тулд амьтны хойноос гүйж, шогшиж байсан. Ийм хөдөлгөөнтэй байсан хүн сүүлийн 100 жилд л хөдөлгөөнгүй болсон. Үүнээс үүдээд бодисын солилцоо идэвхтэй хэлбэрээ алдаж, энергийн илүүдэл болдог. Хөдөлгөөнгүй байснаас задарч, шатаж байх ёстой энерги нь шатахаа болж элдэв өвчин “эргүүлж” эхэлдэг. Саахарын өвчин гэдэг ердөө л илүүдэл энергийн өвчин шүү дээ. Задардаг журмаараа задраад явж байх ёстой энерги хуримтлагдаад ирэхээр нэг талдаа өөх тос, нөгөө талдаа саахарын өвчин үүсгэнэ. Бүх эрхтэн систем, булчингуудын үйл ажиллагаа алдагдана. Ийм байдалд орохоор үндсэн хэдэн өвчин голлож давамгайлж ирдэг.
Нэгдүгээрт, саахарын өвчин, хоёрдугаарт, зүрх судасны өвчин. Зүрх өөрөө хөнгөн шингэн цусаа хөөж, ажиллаж байх ёстой атал харьцангуй үйл ажиллагаагаа хийхгүй болохоор эргээд зүрхний сулралын хүчин зүйлс үүсч эхэлж байна.
-Үүний үр дүн нь бидний нүдэнд ил харагддагаар бол таргалалт л даа…
-Тийм. Таргалалт гэдэг тэр чигээрээ л өвчин, чимээгүй тахал шүү дээ. Залуус маш их таргалж байна. Хөдөлгөөнгүй, сэтгэл зүйн хувьд ачаалалт ихтэй, стресстэй байна. Мөн буруу хооллолтоос болж өвчилж байна. Энэ бол нийгэмд тэр чигээрээ аюулын харанга дэлдэж байна гэсэн үг.
Таргалалт ихсэхээр бүх эрхтэн, системийн цусан хангамж муудаад ирдэг. Өөх тос судсан дээр сууж, судсууд хатууран, шил шиг болдог. Нэг ийм хэмжээнд орохоороо зүрх эргээд шил шиг судсаараа цусаа шахахын тулд маш өндөр ачаалалд ордог. Үүний улмаас зүрх судасны дутагдалд орно. Хүмүүсийг хараад байхад жаахан хөдөлгөөн хийхээрээ л амьсгаадаад ирдэг. Жаахан хөдөлгөөнд л зүрх нь ачааллаа даахаа больчихсон.
Хүмүүс миний зүрх муудчих шиг боллоо, таргалаад байна гэдэг. Тийм юм байхгүй л дээ. Таргалбал зүрхэнд, улмаар бүх эрхтэн системд ачаалал өгнө. Өөх, судас, эрхтэний үйл ажиллагааг улам доройтуулна. Өөх нь судсандаа очиж суугаад хатууруулна. Судас хатуурсан эрхтэний тэжээл дандаа муу, үйл ажиллагааны доройтолтой, хомсдолтой байна гэсэн үг.
Саахарын өвчин, даралт ихдэх, зүрх судасны өвчин, үений шохойжилт нь 50 нас хүрэхэд маш муу үр дагавар үзүүлнэ. Тэрийг л ойлгох хэрэгтэй байна. Залуучуудаа уриалж хөдөлгөөнд оруулмаар байна. Манай уламжлалт малчин ард түмэн харьцангуй хатуу ширүүн уур амьсгалд, маш их хөдөлгөөн дунд байдаг. Тэдний хувьд халдварт, янз янзын орчин ахуйгаас болсон, даарч хөрснөөс болж өвчилдөг болохоос хөдөлгөөний дутагдлын өвчин харьцангуй бага шүү дээ. Хот газрынхан бол таргалалт, хөдөлгөөний дутагдалд орчихсон.
Анагаах ухааны номуудыг үзэж байхад долоо хоногт таваас доошгүй өдөр 30-аас доошгүй минут маш өндөр ачаалалтай хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж бичсэн байна. Аэробик хийх, сагс, теннис тоглох зэргээр хөдөлж болно шүү дээ. Тэгвэл хэвийн байдалд орно. Хөгжилтэй орнуудад, баруун Европт тосгонд тэр чигээрээ өглөө, оройд нь гүйж дасгал хийж байна. Дээрх орнуудад хөдөлгөөн ямар хэрэгтэйг шинжлэх ухаанаараа батлаад, мэдээллээрээ дамжуулаад ойлгож хүлээж авсан. Гэтэл манайх хөдөлгөөн гэдгийг ойшоохгүй, зөвхөн таргалалттай тэмцэх юм яриад, гоо сайхны талаасаа ойлгоод байдаг. Би долоо хоногт нэг удаа заал авдаг гэдэг. Энэ нь манай хамгийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүс гэж байгаа. Уг нь бол өдөр бүр энэ идэвхтэй хөдөлгөөнийг хий гээд байгаа юм шүү.
Ер нь бол хүн эрүүл аж төрж болно. Яагаад болохгүй байна гэхээр, саяын дээр хэлсэн дэглэмүүдийг анхаардаггүй. Үүнийг мэддэг хүн маш их байна. Гэхдээ мэдэж байсан ч хэрэгжүүлдэггүй. Нөгөөх л хөдлө гэдгээ л ярьж байна гэж чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг. Би эрүүл байхын тулд хөдөлгөөнтэй байх ёстой гэдгийг анхаардаггүй. Гэтэл өвчин болонгуут нь эм ууя, ямар эм уух вэ гэх юм. Заавал эм тариагаар эмчилнэ гээд яах вэ.
-Энэ тухай ярьдаг ч хэрэгжүүлдэггүй болохоор хожмын үр дүнгийн нь талаар яривал дээр биш үү?
-Хөдөлгөөнөө сайжруулаад ирвэл даралт ч бууж, зүрх судасны ажиллагаа сэргээд ирдэг. Тодорхой хугацааны дараа дасгалжилт нь сайжраад, амьсгаа задардаг. Ингэхээр сая хэвийн хэмжээнд орж ирж байна гэсэн үг. Тэгвэл эмнэлгээр явж, эм тариагаар “бөмбөгдүүлэх” өвчтөн дор хаяж 50 хувь буурахаар байх юм. Юм ойлгодог, дуулгавартай өвчтөнүүдэд хэлэхэд урамтай л даа. Жин ихтэй, зүрхний өвчтэй, даралт ихэсдэг хүмүүс хоёр гурван сар хөдөлгөөнтэй байж, дасгал хийгээд ирэхээр жин нь хасагдаж, өвчин нь алга болж, бие нь хөнгөрсөн тухай ярьдаг юм. Үүнийг л манайхан сайн сурталчлах хэрэгтэй байна.
Ерөөсөө хөдөлгөөн бол эрүүл мэндийн эх үүсвэр юм. Гэхдээ энэ хөдөлгөөнийг байгальд хийх хэрэгтэй. Байгальд наранд 30-аас доошгүй минут шарвал витамин Д-гийн үүсэлт сайжран, остеопороз зэрэг өвчнөөс сэргийлнэ. Остеопорозыг бид кальц нөхөж эмчлэх юм ойлгоод байдаг. Үгүй л дээ. Байгальд, наранд 30 минут гүйлээ гэхэд витамин Д-г хангалттай авчихна. Олон нийтийн байгууллагууд, пүүс компаниуд хамт олноороо байгальд нэг өдөр нар, салхинд гарч, гүйж, хөдөлж, нийтийн ажил зохион байгуулбал хүмүүст зөв ойлголт төрүүлж, эрүүл мэндэд нь ч хэрэгтэй.
Өнөөдөр саахарын өвчнийг нийгмийн өвчин гэдэг. Энэ нь нийгмээрээ л хөдөлгөөнгүй байгааг илтгэж буй. Нийгмээрээ хөдөлгөөнгүй байна, нийгмээрээ буруу хооллож байна. Үүнийг засаад өгвөл саахар гэдэг зууны тахал өвчнөөс манай үндэстэн ангижрах ёстой. Гэтэл саахарыг манайхан эмээр буулгах гээд яриад яваад байдаг. Энэ эмчилгээнээс нөгөөх, үндсэн байгалийн хөдөлгөөн, хоолны дэглэм 70-80 хувийн үр дүнтэй гэдгийг хүмүүс ойлгохгүй байгаа юм.
-Хөдөлгөөн дасгал хийхдээ хөлсөө гаргах хэрэгтэй гэдэг. Хөлс гаргах нь тийм ач тустай хэрэг үү?
-Хөлс гаргана гэдэг бие организмд маш хэрэгтэй. Хөлс бол биеэс гарч байгаа хор шүү дээ. Дээр үед хөлслөх эмчилгээ гэж хийдэг байсан. Туйплин гэж. Маш их хөлөрдөг. Хоёр, гурван давхар хөнжил нэвт норгодог, маш их хөлөрдөг гэж хүмүүс ярьдаг. Ингэхээр тэр организмд байгаа маш их хорыг гадагшлуулж байна гэсэн үг. Лимфийн замаар, бөөрний замаар ялгарч гарч чаддаггүй, эд эсэд шигдсэн, тэндээс амархан зайлуулж чаддаггүй хоруудыг хөлсөөр гаргаж байгаа юм.
Хөлсөө биеийн хүчний хөдөлгөөнөөр гаргаад ирвэл өөрт л сайн. Бид гэр орны ажил хийж, шал арчиж, юм угаахаар хамаг хөлс асгараад ирдэг шүү дээ. Энэ бидэнд маш сайн эмчилгээ болно. Ийм аргаар организмаас гарч чадахгүй байгаа хорыг хөлсөөр гаргаж, шатаж чадахгүй байгаа илчлэгийг шатаагаад ирвэл завсрын бүтээгдэхүүнүүд, саахар, өөх тосны ихдэлт байхгүй болно. Уг нь хорыг хүн хөдөлгөөнөөр шатааж, байгалийн жамаар нь гаргаад явж байх ёстой байтал чадахгүй болоод байна шүү дээ. Орчин үеийн хүмүүсийн гол онцлог энэ.
Мэдээж хөдөлгөөнийг гэнэт, огцом, хэлээ унжтал хийж амжихгүй. Дасгалжаагүй байгаа. Тэгэхээр аажмаар хийж байж, аажимдаа амьсгаагаа задраан тогтмолжуулах ёстой.
-Хөдөлгөөний дутагдлаас болж шохойжилт үүслээ, хуян хөөрлөө гээд л ярьдаг. Энэ нь улмаар нүдний хараа, тархины ой санамжид ч нөлөөлдөг гэдэг?
-Хөдөлгөөнгүй байснаас цусны эргэлт тогтонгишилд орж, тодорхой хэсэг газруудад цусны эргэлт багасан, булчингуудын ажиллагаа алдагдаж, мэдрэлийн өвдөлт өгөөд эхэлдэг. Жишээ нь, үений хөдөлгөөнүүд саатаад ирвэл үе зогсонги байдалтай болдог. Ингэхээр үений шохойжилт, хатууралт, үений мөгөөрснүүдийн хатангишрал гарч, үенүүд хөшиж эхэлдэг. Тархи мэдрэл ялгаагүй, сээр хүзүүний цусан хангамжууд муудаж ирнэ. Сэтгэн бодох чадвар муудна. Хүн нэг юмыг хэлээд ойлгодог байсан бол хоёр хэлж ойлгодог болно. Гэтэл цусны эргэлтийг сайжруулаад, хөдөлгөөний эргэлтийг цагт үдээс өмнө бичгийн ширээнд суудаг хүн ядаж хоёр гурван удаа босч хөдөлгөөнөө хийж, нүд амаа, шилэн хүзүү, үеэ хөдөлгөдөг гимнастикийн аргууд бий. Энгийн иллэг хийх зэргээр байх ёстой зүйл. Ингэвэл хуян хөөрөх, шилэн хүзүү хөших, тархи толгой дүйрч өвдөх зэргээс энгийн аргаар ангижирч байна.
Хүмүүс шилэн хүзүү хөшлөө гэдэг. Үений болон өвдөгний шохойжилтын үед мөрдөх удирдамж байдаг. Өглөө орондоо 100 удаа маш сайн тэлж татахаар сарын дараа гэхэд хөдөлгөөн, өвдөөд байсан хэсэг нь гайгүй болчихдог. Зөвхөн энэ хөдөлгөөнөөр шүү дээ. Тухайн хэсгийн цусан хангамжийг сайжруулж байна, эд эсийг сунгаж тэлж агшааж байна. Тэгснээрээ уян хатан чанаруудаа хадгалж, эргэж тэлж, тэжээл нь сайжирч, нөгөөх цусны хангамжууд, нөгөөх витаминжилт, хүчилтөрөгчийн хэрэгцээ, шохойжилт хамаагүй багасч ирдэг.
Цусны эргэлтийг сайжруулж, цусан хангамжийг дээшлүүлэн, хөдөлгөөн идэвхжээд ирэнгүүт бүх эрхтэний үйл ажиллагаа сэргэж, нүдний хараа сайжраад, тархи толгой хүртэл сэргэнэ.
-Иллэг хийлгэх, цус хануулж, самнуулах ер нь хэр үр дүнтэй эмчилгээ вэ?
-Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ. Тэрийг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь арай сайжирч, бие хөнгөрдөг. Угтаа бол энэ нь арга барсан механик арга. Бод доо. Бөглөрөөд байгаа паарыг нэг талаас нь онгойлгож сэтгээд өгөхөөр уг гоожих нь нэмэгдээд өгдөгтэй адилхан. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг. Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар л сайхан болдог гэсэн хүмүүс таардаг л даа. Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна.
Хүмүүсийг хараад байхад шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ л дээ. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй. Өглөө эрт ажилдаа явж байхад зарим хүн идэвхтэй хөдөлгөөн хийж, гүйж байгаатай таардаг. Нэгэнтээ 60, 70 гарсан хойноо хийнэ гэж хүлээлгүй одоо 30, 40 наснаас хийж байвал өөрт хэрэгтэй. Өвгөн, эмгэн гэхээр л алхаж хөдөлж ядсан байх ёсгүй биз дээ.
-Хөдөлгөөний нэг үр дагавар нь яс ургалт мөн биз?
-Яс ургах бас цэвэр хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Хөдөлгөөн муудаж, удаашраад, цусан хангамж муудсанаас шохойжилт болж яс ургадаг. Цусан хангамжгүй, эд эсийн тэжээлгүй удсан эрхтэнд эвэршилт, харин үен дээр болохоор шохойжилт маягаар үүсч байгаа. Хөдөлгөөнөө сайн хий, дулаан байлга, хэт их өндөр ачаалал авахаас сэргийл.
Баруунд бол 20 кг-аас дээш юм өргөхдөө маш анхааралтай байх ёстой гэдэг. Гэтэл манайд 40, 50 кг-аар нь өргөж, 40 л-ийн бидонтой ус зөөдөг. Үен дээр хэт ачаалал өгөхөөр үеийг гэмтээдэг. Гэмтсэнээс болж сорвиждогтой адил мөгөөрсүүд шохойжино. Таарсан хөдөлгөөнийг хийх ёстой болохоос хэт өндөр ачаалалтай, хэт дааруулж хөргөөд байх нь ердийн бүтцийг алдагдуулах, гэмтээхэд хүргэдэг.
emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ