
БНСУ-ын “Нонг шим” үйлдвэрийн бэлэн гоймонд хорт хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс их агуулагдсан байж болзошгүй тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сайтуудад гарсан.
Иймээс өнгөрсөн бямба гаригаас дээрхи бүтээгдэхүүнийг импортолдог, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг аж ахуйн нэгж, худалдааны төв, хүнсний зах, дэлгүүрүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалтыг түр хугацаагаар зогсоох тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 07/89 тоот албан шаардлага хүргүүлсэн.
Энэ асуудлаар тус газрын гурван ажлын хэсэг гарч ажиллан манай зах зээлд “Нонг шим” үйлдвэрийн 10 гаруй нэр төрлийн 2,8 сая ширхэг бэлэн гоймонг зургаан аж ахуйн нэгж импортолсон болохыг тогтоожээ. Хяналт шалгалтын ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Баянзүрх”, “Барс импекс”, “Хар хорин” зэрэг зах, худалдааны төвүүд, “Номин трейд” ХХК, “Алтан жолоо групп” ХХК, “Грийн сити” ХХК, “Макс хүнс” ХХК, “Боса” ХХК, “Монгол саплэй чэйн” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа “Нонг шим” бэлэн гоймонг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16.1.4-д “Хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй бараа борлуулсан хувь хүн, хуулийн этгээдийн уг барааны борлуулалтыг зогсоох” гэж заасны дагуу борлуулалтыг түр зогсоосон.
Дээрхи бүтээгдэхүүнээс шинжилгээнд зориулан дээж авч МХЕГ-ийн төв лабораторид өнгөрсөн даваа гаригт хүргүүлсэн боловч тус лабораторид бүтээгдэхүүнд агуулагдах бензо-/а/-прины хэмжээг тодорхойлох техникийн боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн юм.
БНСУ-ын Хэрэглэгчийн болон Хүнс ба эмийн хяналтын байгууллагад хандсан бөгөөд эдгээр газруудаас ирүүлсэн албан ёсны дүгнэлтээр доорхи 6 нэрийн бүтээгдэхүүнд дээрхи бодисын агууламж өндөр байгаа нь тогтоогдсон.
1. NONGSHIM NEOGURI (HOT),
2. NONGSHIM NEOGURI (HOT) MULTI,
3. NONGSHIM NEOGURI (MILD),
4. NONGSHIM BIG BOWL NOODLE SHRIMP,
5. NONGSHIM SAENGSAENG UDON BOWL NOODLE,
6. NONGSHIM SAENGSAENG UDON
Иймээс эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авах, худалдаалахыг хориглохоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шийдвэрлээд байна.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ