
Испанийн эдийн засгийн уналт үргэлжилсээр, сүүлийн гурван жилийн дотор хоёр ч удаа ийнхүү эдийн засгийн хямралд өртөөд байна. Үүнийг зарим эдийн засагчид сэхээнд орох үе хэмээн нэрлээд байгаа юм. Энэ оны гуравдугаар хагасын эдийн засгийн тайлан үзүүлэлтээр тус улсын эдийн засаг өнөгөрөгч оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин оны хоёрдугаар хагасаар Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хороо болон төв банкнаас нь гаргасан судалгаа харуулжээ.
Уг нь Испани улс Евро бүсийн орнууддаа дөрөвт бичигддэг томоохон эдийн засагтай орон. Энэ оны эхнээс эдийн засгийн хямралд өртөж энэхүү байраа алдсан. Энэ бүхэн нь Испанийн ард түмний нуруун дээр том ачаа болж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дээрээс нь ажилгүйчүүдийн тоо огцом өссөн нь нөлөөлсөөр байна.
Ерөнхий сайд Мариано Ражое энэхүү хүнд байдлаас гарахын тулд Европын төв банкнаас хэд хэдэн удаагийн их хэмжээний мөнгөн зээл тусламж авсан. Мадрид Европын тогтвортой байдлыг хангах сангаас 100 сая еврогийн мөнгөн тусламж хүссэнээс 59 сая еврогийн тусламж аваад байгаа.
Эдийн засгийн уналтад нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл бол сүүлийн арван жилийн дотор эрэлттэй, хамгийн үнэтэйд тооцогдох бонд нь унасантай холбоотой. Дэлхий дахинаа үнэтэйд тооцогдох энэхүү бонд өнгөрсөн есдүгээр сараас илүү эрчимтэй унаж эхэлсэн юм.
Өнгөрөгч мягмар гаригт гаргасан энэ оны эдийн засгийн ерөнхий үзүүүлэлтээр Испанийн эдийн засаг бүхэлдээ 5.6 хувиар буурсан. Сүүлийн арван жилд хамгийн ихдээ 7.6 хувь хүртэл буурсан нь энэ оны долдугаар сар байсан юм. Энэ нь түүхэндээ анх удаа тийм хэмжээнд хүртэл унасан нь тус улсын эдийн засаг сэхээнд ороход хүрлээ гэдэг үг сонсоход хүргээд байгаа юм. Евро бүсийн орнуудын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд хүрээд байгаа бөгөөд тэд нэг завинд сууж яваа гэдэг утгаараа шинээр байгуулагдсан европын хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хямралаас зайлсхийхийг оролдсоор байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ