
Энэтхэгийн зүүн өмнөд хэсгээр шуурсан Нилам хар салхины улмаас найман хүн амь насаа алдаж, мянга гаруй айл орон гэрээ сүйтгүүлж, гэрэл цахилгаангүй болсныг CNN агентлаг уламжилж байна. Амь үргэдсэн найман хүний зургаа нь усанд живж нас барсан байна. Хар салхи Тамил Наду хотын орчимд илүү хүчтэй болсон төдийгүй тус бүс нутаг харьцангуй нам дор учир нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ. Найман мянга орчим хүн энэхүү аюултай бүс нутагт оршин сууж байгаа хэмээн хотын аюулаас хамгаалах албаны комиссор Жатиндранат Свайн мэдэгджээ.
Салхины үеэр 37 хүн тээвэрлэсэн газрын тосны хөлөг онгоц далайд хөвж байсан бөгөөд далайн давалгаанд түрэгдэн эрэг дээр ирж чаджээ.
Энэтхэгийн үндэсний цаг агаарын хүрээлэнгээс шуурга болохоос өмнө мэдээллэж байжээ. Цаашдаа ч хар салхи ойролцоох хотуудыг дайрах төлөвтэй байгаа аж. Салхины хүч 80-90 км цаг хүрч ширүүссэн бөгөөд 24 цагийн турш эрчээ алдахгүй шуурах юм байна. Одоогийн байдлаар гамшиг болсон бүс нутагт аврах албаныхан болоод тусламжийн багийнхан хүрч ажиллаж байна.
Цаг агаарын агаарын урьдчилсан сэргийлэх мэдээллүүд тасралтгүй явж байгаа бөгөөд иргэдийг хотоор сэлгүүцэхгүй байх ойрын өдрүүдэд далай тэнгист загасчлахгүй байхыг сануулж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ