Багш нарт олгох тэтгэмжийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.
Ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 81,4 хувь буюу 1203,1 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 3,4 хувь буюу 49,7 тэрбум төгрөгийг их засварт, 8,6 хувь буюу 127,3 тэрбум төгрөгийг техник тоног төхөөрөмж худалдан авахад, 6,6 хувь буюу 98 тэрбум төгрөгийг дараа онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Төсвийн орлого, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулахаар ажлын хэсэг болон гишүүдээс гаргаж төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томъёоллуудаар санал хурааж байна.
Төв банкны ногдол ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум төгрөгөөр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3 тэрбум 825,5 сая төгрөгөөр, гаалийн болон бусад орлогыг 10 тэрбум 838,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийг Төсвийн байнгын хорооноос дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Мөн багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардалд 10 тэрбум 456,9 сая, хөдөө орон нутгийн багш нарын тэтгэмжид 2,5 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах саналыг дэмжлээ. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, хүүхэд залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, хөгжүүлэх “Эх орон 36” хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан санхүүжилтийг нэмэхээр болсон бол Гадаад харилцааны сайдын багцад 2,5 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан нэмэхээр боллоо.
Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр гишүүдээс оруулсан саналуудаар санал хурааж бүгд дэмжигдсэн юм. Тухайлбал, зарим аймаг, суманд ахуйн үйлчилгээний төвийн барилга барих, ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл хийх, өмнөх онуудад баригдсан замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг, цахилгаан дулаан дамжуулах шугам барих, засварлах, соёл, спортын барилгын их засварыг хийх зардлыг төсөвт нэмж тусгахаар санал оруулсныг дэмжлээ. Авто замын үнийн зөрүүг олгох саналтай уялдан үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалтай ажилласан барилгын компаниудын асуудлыг мөн гишүүд сөхөж байлаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ