Моцартыг амталж, өмсч, мэдрэх боломжийг олгосон “Гала концерт”
Өнгөрсөн баасан гарагийн үдэш Дуурь бүжгийн эрдмийн театр жинхэнэ утгаараа Моцартаар амьсгалав. Дэлхийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойд зориулан Монгол Германы уран бүтээлчид хамтарсан “Гала концерт”-оо толилуулсан юм. В.А.Моцартын нэрэмжит Дортмундын камерны оркестрыг үндэслэсэн удирдаач Феликс Рейман гурван хөгжимчний хамт Монголд хүрэлцэн ирж энэ тоглолтод оролцсон юм. Концертод ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранцэцэг, Ц.Баттөр, Ө.Уянга, гавьяат дуучин М.Болд, Японы дуучин Окуяама Юми болон найрал дуу, найрал хөгжимчид, долоон гоцлоочтой хамтран “Дон Жуан” дуурийн Дон Жуаны ари, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан хааны ари гэх мэт алдарт гоцлолуудаар үзэгчдийн сонорыг мялаасан.
Гала концерт “Моцартыг өмс, амтал, сонс” гэсэн уриатай байснаараа онцлог байв. Учир нь суут хөгжмийн зохиолчийн алдарт бүтээлүүд энэ танхимд эгшиглэхийн зэрэгцээ тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч “Кашмер Хаус”-ын үйлдвэрлэсэн “Моцарт” ноолууран даашинзаар зочид гоёсон нь содон байлаа. УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн болон зохиолч сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг, гоцлол дуучин Д.Наранчимэг зэрэг зочид өмссөн ноолууран даашинзаараа Моцартыг илэрхийлсэн. Дэлхийн сонгодог хөгжмийн хааны нэрээр нэрлэгдсэн даашинз өмсөхийг хүссэн хэн бүхэнд “Кашмер Хаус”-ынхан цорын ганц өвөрмөц загваруудыг бэлдсэн байсан юм.
Энэхүү шинэ коллекцийн сонгодог, давтагдашгүй загваруудаас В.А.Моцартын нэрэмжит Дортмундын камерны оркестрыг хөгжимчид өмссөн юм. Тас хар өнгөтэй, ноолууран цамцаар гоёсон хөгжимчид Моцартыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн. Моцартыг илтгэсэн хувцас өмсч, Моцартын шидэт аялгуунуудад эзэмдүүлсэн үзэгчдэд “Моцарт” нэртэй шинэ шоколад өвөрмөц амтыг мэдрүүлсэн.
Үндэсний үйлдвэрлэгч “Golden gobi” компанид “Кашмер Хаус”-ын захиалгаар хийлгэсэн энэхүү амттанг энэ үдшийн зочид анхлан амталсан юм. Моцартын гайхашмигт үдшийн зочид дунд ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, УИХ-ын гишүүн Д.Арвин, дуурийн театрын экс дарга Н.Эрдэнэбат, МУГЖ Н.Мөнгөнцэцэг болон “Кашмер хаус” даашинзаар гоёсон бүсгүйчүүд Моцартыг бишрэхээр ирцгээсэн.
Зүүн гар талаас: Зохиолч Б.Шүүдэрцэцэг, Моцартын үдшийг ивээн тэтгэсэн “Кашимер хаус”-ын захирал Л.Нямгэрэл



















СЭТГЭГДЭЛ БИЧИХ