Амжилт олоогүй нислэг буюу фашист Германы нэгэн нууцыг дэлгэхүй
ГИТЛЕРИЙН БАРУУН ГАР
Рудольф Хессын /монголчууд Гесс гэж ярьдаг нь буруу/ нэр дэлхий дахинд аль Дэлхийн нэгдүгээр дайны үеэс танил болсон билээ. Цэргийн чадварлаг нисгэгч тэрбээр үй олон байлдааны нислэг үйлдсэн бөгөөд нэг бус удаа амьдралаараа дэнчин тавьж байжээ. 1930-аад оны үед улс төрийн шуурганаас хол хөндий байсан цэргийн романтик эр нацистуудын үзэл санаанд автаж эхлэв. Тэрбээр фюрерийн итгэлт хамтран зүтгэгч болоод анд нь болтлоо энэ үзэл санааг дагах болсон аж. Намынхан нь түүнийг «хоёр дахь хүн»-ээрээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэгтэл Хесс гэнэт Англид оччихсон байв.
Хессыг байцаасан боловч үүний талаар ямар нэг зүйлийг хэвлэлд бичээгүй байна. Англичууд «өндөр хэмжээний зочин»-оо хорионд байлгаж байгаа боловч эхнэртэйгээ захидлаар харилцахыг нь зөвшөөрч буй нь тодорхой болов. Нюрнбергийн шүүх хуралдаан дээр түүнд бүх насаар нь шоронд хоригдох ял оноосон бөгөөд үүнээс хойш Хесс дээр хэнийг ч оруулсангүй. Бүх амьдралынхаа туршид тэрбээр спортоор хичээллэж байсан тул эрүүл мэнд сайтай байсан гэдэг. Сэтгэцийн ямар нэг гажиг түүнд ажиглагдаж байсангүй. Гэхдээ тэрбээр хий хоосон байдалд итгэх явдлыг шуналтайяа сонирхож байсан аж.
Бүх амьдралаа хорионд өнгөрүүлсэн Хесс гэнэтхэн 93 насандаа амиа хорложээ. Гэхдээ задлан шинжилгээний дүнг нарийвчлан судалсан эмч Хью Томасын үзсэнээр бол Хессын амарч байсан шоронгийн саравчинд жинхэнэ аллага үйлдэгдсэн бололтой. Ямар ч л байсан асрагч Мелоуигийн мэдүүлэг байдаг гэнэ. Тэрбээр өвгөнийг хашгирахыг сонсоод саравчинд гүйж орж иртэл хоёр ханхгар биетэй хүн тэнд байхыг олж харжээ. Тэдний нэг нь өрөвдөлт өвгөнд хиймэл амьсгал хийж байв. Тэрбээр үүнийгээ маш хүчтэй хийж байсан тул хөгшний хоёр хавиргыг хугалж орхижээ. Өвгөнийг эмнэлэгт хүргэсэн боловч түүнийг аварч чадсангүй.
Хэрэв Хессыг ийм олон жил хорионд байлган бүх юм нам тайван байсан юм бол яагаад түүнийг ийм яаралтай «үгүй хийх» хэрэгтэй болсон гэдэг нь оньсого хэвээр үлдсэн байна. Өндөр настай хоригдлыг ээлж ээлжээр хамгаалдаг байсан аж. Тэр өдөр жижүүрт Зөвлөлтийн тал гарсан бөгөөд Хессыг 1987 онд нас барахаас өмнөхөн Горбачев 93 настай хүнийг хорионд байлгах нь ямар ч утгагүй гэж олны өмнө мэдэгдэж байсан билээ. Хесс эдгээр үгсийн тухай сонсоод «Би амьд гарахгүй байх» гэж шивнэсэн гэдэг.
АМЖИЛТ ОЛООГҮЙ НИСЛЭГ
1941 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 40 минутанд Аусбург хотын дэргэд байх Германы «Мессершмитт» пүүсийн нисэх онгоцны буудлаас нэгэн онгоц агаарт хөөрөв. Тэр нь МЕ-110 загварын хоёр мотортой сөнөөгч онгоц байсан бөгөөд түүнийг Хесс жолоодож явлаа. Сөнөөгч онгоц нүдний хараанаас далд оронгуутаа чиглэлээ огцом өөрчилсөн байна. Төдөлгүй МЕ-110 Шотландын тэнгэрт үзэгдэв. Энэ явдлын тухай Гитлер тэр өдөр нь л мэджээ. Альпийн нуруунд орших түүний Бергхоф харшид зарлагын шуудангаар яаралтай нэгэн захирал ирсэн аж. Түүндээ нисч одсон Хесс өөрийн хийсэн үйлдлийн шалтгааныг нэлээн эх захгүй, замбараагүй байдлаар тайлбарлахыг оролдсон байв. Фюрер урвагчийг нэн даруй зогсоохыг хүссэн боловч үүнийг тэрбээр хийж чадсангүй. Дараа өдөр нь Гитлер яаралтай зөвлөгөөн зарлан хуралдуулсан бөгөөд түүн дээр болсон үйл явдлыг авч хэлэцэхээр болжээ. Арга ч үгүй юм. Учир нь Хесс нам дотроо Гитлерын дараа орох хүн нь байлаа. Үүнээс гадна тэрбээр түүний анд нь байсан юм. Харин энэ үед Британид юу болж байв аа? 22 цаг 15 минутанд фермер эр Д.Маклин хүнд бөмбөгдөгч онгоцны хөдөлгүүрийн нүргээнтэй ихэд адилхан нэгэн сонин дуу авиа сонссон аж. Гайхаж хоцорсон фермер гудамжинд гүйн гарчээ. Тэгтэл түүний гэрээс холгүйхэн нэгэн шүхэрч буусан байв. Үл таних хүн түүнд англиар хандан «Би герман хүн. Нисгэгч Альфред Хорн. Намайг Дунгавел-касл руу хүргэж өгөөч. Гүнтэн Хамилтонд өгөх чухал илгээмж надад бий» гэж хэлжээ.
Урван ирэгчийг тэр даруй штабт хүргэсэн бөгөөд нэгжлэг хийсэн байна. Түүнээс үнэхээр л Хамильтоны нэр дээр хаягласан захидал гарав. Хаягийг ч зөвөөр бичсэн байлаа. Гүнтэний Дунгавел-касл гэдэг үе залгамжилсан эдлэн. Тэгтэл үл таних этгээдийг гүнтэнтэй уулзуулахаар авч явжээ. Шүхэрч эрийн сууж байсан танхим руу Хамильтон гүнтэн хэдэн офицеруудын хамтаар явж оров. Гэвч шүхэрч эр өөрийг нь гүнтэнтэй хоёуланг нь цуг орхихыг шаардсан байна. Түүний хүсэлтийг биелүүлтэл тэрбээр шууд л өөрийгөө Альфред Хорн бус Рудольф Хесс гэж хэлээд Англи улсыг дайнд ялагдуулахыг хүсэхгүй байгаа тул яриа хэлэлцээр хийхээр ирсэн гэжээ. Тэгтэл тэр дороо л эхний сонин зүйлүүд гарч эхэлсэн аж. Хамильтон гүнтэн Рудольф Хесстэй 1936 оны Берлины Олимпийн тоглолтын үеэр танилцсан байна. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд тэрбээр тэр уулзалтыг яагаад ч мартах учиргүй байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр Хессыг анх удаагаа харж буй дүр эсгэв. Герман эр ч гэсэн урьдын танилаа мартсан мэт дүр үзүүлжээ.
Тэр бямба гаригийн үдэш Уинстон Черчилль өөрийн танилуудтай үе залгамжилсан эдлэндээ кино үзэж суулаа. Түүнийг Хамильтон гүнтэн дуудуулж байна хэмээн нарийн бичгийн дарга нь Черчилльд хэлэхэд мань хүн дэлгэцнээс дурамж муутайхан хараагаа салгасныг бодвол тэр кино нь сонирхолтой байсан нь магад юм. Тэгтэл нарийн бичгийн дарга нь шаардсаар байв. Черчилль гайхаж баярласан янзтай эргэн ирлээ. Энэ бол жинхэнэ шуугиан! «Нацист намын хоёр дахь хүн» хаана ч бус харин тэдний Шотландад байж байна гэнэ.
Маргааш өдөр нь Черчилль Хесс руу Хамильтон гүнтэнийг «намын хоёр дахь хүнийг” биечлэн мэддэг Гадаад явдлын яамны ажилтны хамтаар илгээжээ. Тэр нь олзны хүн Хесс болохыг баталсан тул маргааш өдөр нь сонинууд албан ёсны мэдээллийг нийтлэв...
Хесс ойролцоогоор хоёр долоо хоногийг цэргийн эмнэлэгт өнгөрүүлсэний дараа түүнийг бүхий л дайны турш Германы тагнуулынхнаас бултуулан ийм тийш нь нүүлгэн шилжүүлж байлаа. Нацистын Герман мөхсөнийг тэрбээр өмнөд Уэльсэд байхдаа мэдсэн бөгөөд үүний дараа Нюрнберг хот руу шүүх хуралд суухаар хүргэгджээ.
ХЕСС ЯАГААД ЗУГТАВ?
Нацистын дээд удирдлагад хагарал гарсан учраас Хесс зугтсан гэж Английн сонинууд мэдээлсэн байна. Харин Мюнхен хотын радио Хесс хий юм үзэж сонсдог болсон тул тэрбээр дайсагнаж буй талуудын хооронд энх тайван тогтоож чадна гэж өөрийгөө үзсэн тухай мэдээлэв. Германы ард түмэн ийм тайлбарт итгэх бүрэн үндэстэй байлаа. Хесс хий хоосон юмс, үзэгдлийн ухааныг сонирхдог нь тэдэнд мэдэгдэж байсан юм. Гитлер ЗХУ руу дайрахаар бэлтгэж байсан бөгөөд өөрөө Англитай гэрээ байгуулахыг бодож байжээ. Ингэснээр Дорнодод түүний гарын хүлээс тайлагдах байсан аж. Төлөвлөгдөж байсан гэрээний нөхцөл ёсоор бол Герман улс Англид түүний колониудыг эргүүлж өгөөд дээр нь Британийн эзэнт гүрний бүрэн бүтэн байдлыг хангаж өгөх учиртай байв. Британичууд Гитлертэй холбоотон болохын эсрэг байгаа тул Германтай гэрээ байгуулахгүй хэмээн Английн хэвлэлүүд баталж байлаа. Гэсэн хэдий ч Британи, Герман хоёрын хооронд гэрээ байгуулсан гэх таамаглал гарч ирэв. Англи улс Ойрхи Дорнод дахь өөрийн нөлөөгөө бууруулах нь Германд чухал байсан аж. Ингэсэн тохиолдолд дайнд Германы өөр нэг холбоотон болох Турк оролцон Орос руу Өмнөдөөс цохилт өгөх байжээ. ЗСБНХУ хоёр фронт дээр тулалдаж байх нь Гитлерт ашигтай санагдав. ЗХУ-ыг дайнд эрчимтэй турхирч байлаа. Немцүүд хил дээр байнга өдөөн хатгалт хийж байх үеэр Черчилль Германы заналхийллийн тухай Сталинд анхааруулж байжээ. Хессыг нисч ирсэний дараа бөмбөгдөлтийн хэв маяг өөрчлөгдөв. Германы онгоцнуудын бөмбөгдөлтийн бай нь «дайны төлөө» ажиллаж байсан аж үйлдвэрүүд ихэнхдээ болж байсан бол энгийн иргэд оршин суудаг орон сууцны хорооллууд дээр бөмбөг унах болсон аж. Дайн шууд утгаараа байшин болгонд ирэв. Тийм учраас англичууд ямар ч нөхцлөөр хамаагүй энх тайван тогтооход бэлэн байлаа. Тэгтэл тавдугаар сард Гитлер ЗХУ урьтаж хийх ажиллагааг боловсруулсныг олж мэдээд аргагүйн эрхэнд дайныг түрүүлж эхлүүлжээ. Төдөлгүй дэлхий даяар өөр нэг шуугиан дэгдэв. Хессын өвчний түүхийг уншиж суухдаа доктор Томас өөрийн өвчтөний аль Нэгдүгээр дайны үед авсан шархнуудад анхаарлаа хандуулав. Тэдгээрийн нэг нь их хүнд шарх байсан аж. Хессыг ойрын зайнаас цээжинд нь шархдуулсан байлаа. Томас эмч Хессыг үзлэгт оруултал ямар ч шархны сорви олж илрүүлсэнгүй. Олзлогдсон хүний биеэ авч явах байдал нь Хессынхаас тэс өөр байсан гэхэд хилсдэхгүй. Энэ туранхай хүн өөрт нь өгсөн хоолыг маш түргэн гэгч нь иддэг байв. Харин ойр дотных нь хүмүүсийн дурссанаар Хесс цагаан хоолтон байсан бөгөөд хоолны цэсэнд нэлээн анхааралтай ханддаг байсан гэнэ. Английн олзонд орсон хүн өөрийн ах дүү нараа санахгүй байсны дээр Нюрнбергт болсон шүүх хуралдаан дээр нацистын өндөр албан тушаалтнуудын хэнийг нь ч таниагүй аж. Хесс Англид гэнэт нисч ирсэн нь Черчиллийг хүнд байдалд оруулсан гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Германы тавьсан саналууд ч гэсэн хэн хүний толгойг эргүүлэм байжээ. Харин Черчилль өөрийгөө нацистуудтай хамтарч ажиллана гэдэгтэй огтхон ч эвлэрэхгүй байсан билээ. Тийм учраас Хессд орлон тоглогчийг бий болгон түүнийгээ дэлхийн олон нийтэд үзүүлэх хэрэг гарав. Харин жинхэнэ Рудольф Хесс Их Британийн нууц барьцааны хүн хэвээр үлдэх бөгөөд түүний өндөр хэргэм, албан тушаал цаашид яриа хэлэлцээр хийхийг үргэлжлүүлэхэд хэрэг болно гэж үзжээ... Хэрэг явдал ингэж өрнөх нь англичуудад ашигтай байлаа. Английн удирдлага Хессын хэргийн нууцлалыг 2017 хүртэл сунгав. Энэ бол багагүй хугацаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хэн нэг нь дэлхий дахин Рудольф Хессын Их Британид гэнэт нисч ирсэний бодит шалтгааныг мэдэх вий гэдгээс үхтлээ айж байна.ХОРЛОГДСОН УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ УУ?
Нацистын Герман ялагдал хүлээн Гитлер амиа хорлосны дараа фюрерын нэр төрөө гутаасан орлогч нь Нюрнберг хотод болсон шүүх хуралдаан дээр хэсэг хугацаанд ой санамжаа алдсан дүр эсгэж байсан гэдгээ албан ёсоор хүлээжээ. Хожим нь тэрбээр нэгэн нийтлэлийг бичсэн бөгөөд түүндээ өөрийг нь шоронгоос сулласны дараа Герман улсыг удирдах ямар ч утга учиргүй төлөвлөгөөг өгүүлсэн байна. Шпандау шоронд өнгөрүүлсэн дөрвөн арван жилийн хугацаанд Хесс тусгаарлагдмал байдалтай байсан бөгөөд үе үехэн санаагаар ихэд унадаг байсан гэдэг. Хорионд байх эхний өдрөөсөө л тэрбээр сэтгэцэнд нөлөөлдөг эм бэлдмэлийг түүний хоолонд хийж байгаа гэж сэжиглэсэн аж. Магадгүй, Зөвлөлтийн хуягууд ийм айдас төрүүлэхүйц зүйл хийж байсан ч байж болох талтай. Хессыг тэд нэлээн зандрангуй, зэрлэг маягаар харьцан харгалзаж байсан гэдэг. Хессыг нас барах хүртэл Зөвлөлтийн тал түүнийг хугацаанаас нь өмнө суллахын эсрэг байр суурьтай байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ