Сэнди хар салхинд амиа алдагсдын тоо 157 хүрлээ

img

Өнөө өглөөний байдлаар Сэнди хар салхинд өртөж амь насаа алдагсдын тоо 157-д хүрээд байна. Тэдгээрийн 88 нь АНУ-ын зүүн хойд бүсийг дайрсан хар салхинд өртсөн бол 67 хүн нь Канад болон Карибын тэнгисийн эрэг орчимд амь насаа алдаад байгаа тухай CNN агентлаг мэдээлж байна. Амь үрэгдсэн 157 хүнээс гадна одоо хэр ор сураггүй алга болсон  хүмүүсийг хайх ажил үргэлжилсээр байгаа. Сүүлийн байдлаар ор сураггүй алга болсон хоёр хүүхдийг  олсон  ч тэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Одоо гамшигт өртсөн хотуудад сэргээн  засварлах ажлууд эхэлээд байна. Түүнчлэн зарим нэг сургууль, төрийн байгууллагууд эргэн хэвийн  ажиллагаандаа орлоо. Хар  салхины үеэр 11 муж гэрэл цахилгаангүй болоод байсан бол тэдгээрийн ес нь дахин цахилгааны эх үүсвэрт холбогдож чаджээ. Гэвч одоо хэр 500 мянга орчим иргэд Нью-Йорк хотноо гэрэл цахилгаангүй байгаа аж. Харин Хатан хааны арал огт цахилгаангүй хэвээр байна. Хаагдаад байсан зам тээврийн сүлжээг нээж байгаа бөгөөд 14 хотын хооронд 23 тунель замаар метро болон галт тэрэг хэвийн зорчиж эхлээд байна. Түүнчлэн  хот дундуур зорчих 4000 автобус эргэн үйлчилгээндээ гарчээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ