
Нутгийнхаа шүүх дээр ялалт байгуулсан Хан ресурс компанийн Ерөнхийлөгч Грант Эди гэгч эрхэм сэтгэл ихэд хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тус компани өнгөрөгч оны наймдугаар сарын 20-нд Оросын “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргахдаа үндэслэлээ “300 сая канад долларын гэм хохирлыг бидэнд учруулсан” гэж мэдэгдэж байсан. Харин Канадын Онтариогийн Дээд шүүх аравдугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг хэлэлцээд Хан ресурсын талд шийдвэрээ гаргаж тэд 300 сая доллар Оросуудаас авахаар болж ерөнхийлөгч эрхэм нь “Ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байна... Оросын Хууль зүйн яам нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан ч, Дээд шүүх бидний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. АРМЗ дахин бидний эсрэг заргалдсан ч Канадын шүүх бидний талд ялалт өгнөө...” хэмээн сэтгэгдлээ илэрхийлээд байна.
Тэгэхээр Оросын хууль зүйн яам “Атомредметзолота” төрийн өмчит компанид холбогдох Хан-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буйгаа Гаагийн Конвенцийн 13 дугаар зүйлийг үндэслэн өнгөрөгч оны аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж байсан ч, тэд хол явсангүй.
Монгол Улсын Дорнод аймгийн нутагт орших 24 мянга орчим тонноор хэмжигдэх их ураны нөөцтэй Дорнод ордын ашиглалтын лицензтэй холбоотойгоор үүссэн заргууд эхнээсээ шийдвэрлэгдэхдээ ийн Канадуудад ээлтэй байна. 2010 оны сүүлээр Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Төв Азийн Уран компанийн 58 хувь Хан ресурсын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан. Харин манайх Оростой нийлэн Канадгүйгээр тус ордыг ашиглахаар шийдвэрлэсэн нь ийн олон улсын шүүхүүдэд Монгол, Оросыг дуудагдахад хүргэсэн юм.
Тэгэхээр Монголыг ч бас шүүх дээр дуудсан Хан ресурс Оросын талыг ялах гэж гаргасан нэхэмжлэл нь юу байв. Нэг асуудлаар шүүхэд дуудагдсан Монгол Улсын Засгийн газарт ялах баталгаа бий юү гэсэн асуулт энэ нөхцөлд зайлшгүй гарч ирж байна.
Хан ресурс Оросын талаас 300 сая канад доллар нэхэмжлэхдээ ”Төв Азийн Уран” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн АРМЗ компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн эдийн засгийн харилцаанд хууль бусаар оролцсон, Хан болон түүний салбар компаниудын эрх ашиг, бизнесийн нэр хүнд, хөрөнгөд санаатайгаар хохирол учруулсан.
Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан.
АРМЗ өөрсдийнх нь хувьцааг урьдчилан тохиролцолгүйгээр худалдан авах гэсэн санаа нь биелээгүй учир Хан-гийн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах оролдлогыг хийж улмаар Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах бололцоог хангаж Хан-гийн эрх ашгийг үл харгалзан, хор уршиг учруулсан. Гэхчлэн мэдүүлсэн байдаг. Ийм үндэслэлүүдийг гаргаж тавьсан Хан Ресурс өдгөө ялалтын туг мандуулчихаад Монголын зүг мишээж байна. Нөхцөл байдал эвгүйхэн харагдаж байна.
Уг нь Хан ресурс болоод манайтай холбогдох зарга Монголын шүүх дээр өрнөж эхэлсэн билээ. Хан-гийн тал эхлээд Захиргааны хэргийн шүүхээс ялалтын мэдээ дуулсан ч, өнгөрөгч оны аравдугаар сарын 13-нд болсон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр Цөмийн энергийн газрын талд гарч “Хан ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр үлдсэн юм. Тиймээс Хан ресурс нутагтаа үйл ажиллагаа явуулдаг Олон улсын шүүхэд хандсан.
Манай талаас 200 сая ам.доллар нэхэмжилсэн Хан Ресурс олон улсын арбитрын шүүхэд албан ѐсоор нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “…Дорнодын ураны орд газарт лиценз эзэмших эрхийг Монгол улсын засгийн газар хураан авч хууль бус хандсан” гэж тайлбарладаг. Монгол Улсын Цөмийн энергийн газар уран болон цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж лицензийг нь шинээр олгохоор Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг 2009 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хурааж авсан нь Дорнод ураны ордын лицензийг өөрсдөөс нь хууль бусаар булаасан алхам. Шинэчлэн бүртгэж байгаа учраас лицензийг нь түр хугацаагаар хурааж авч байна гэж анх ойлгуулсан ч, эргүүлээд компаниудад олгохдоо “Хан ресурс-ыг үлдээн, улмаар шинэчлэн бүртгэж олгохгүй гэдгээ 2010 оны 11-р сард мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар Дорнодын ураны орд газрыг Хан ресурс компанийн оролцоогүйгээр ашиглах зорилгоор ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан гэж Хан ресурс гомдол гаргаад байгаа юм.
Тус компани “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгэхээр Оросын талыг шүүхэд өгсөн нэхэмжлэлд байгаачлан манай Засгийн газар “Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь “Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн. Тэгээд “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулсан байдаг.
Манай Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн Газраас “ Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресорсез” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж ирсэн ч Олон улсын шүүхийн шийдвэрийг л харахаас өөр сонголт үгүй болоод байна.
Хэдийгээр ирэх оны тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болох Арбитрын хурлаар “Хан ресурс” –ын нэхэмжлэл нь Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээний асуудал мөн, бишийн тухай л хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа ч, Оросууд ийн ялагдаад байгаагаас үзэхэд тайвшрах болоогүй байна.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ