Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын даргатай уулзан, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар “У.Хүрэлсүх гишүүн нь гишүүнээс татгалзах гэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хувийн шалтгаантай.
Гишүүний гэр бүлийн хүний биеийн байдал муу, олон жилийн тууштай эмчилгээ шаардлагатай болсон. МАН-аас зарласан суултад У.Хүрэлсүх гишүүн оролцож чадаагүй. Тиймээс гэр бүлийнхээ хүний хажууд байж асрах шаардлагатай учир энэ шийдвэрийг гаргаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид энэ талаар өмнө нь ярилцаж байсан. Гэхдээ хэзээ өгөх нь тодорхойгүй байсан. Харин өнөөдөр ийм шийдвэрээ гаргаж өргөдлөө өгсөн байна.
Энэ талаар дараагийн долоо хоногийн намын хурал дээр ярилцаж байж шийдвэрлэнэ. Гишүүнээс татгалзах өргөдөлд шалтгааныг тодорхой заасан байх ёстой.
Өргөдөлтэй танилцаж байж яг ямар шалтгаанаар гишүүнээсээ татгалзаж байгааг хэлэх боломжтой. Хэрвээ гишүүний суудлаа өгөх юм бол намын жагсаалтаар Н.Сарангэрэл УИХ-ын гишүүн болно. Үүнд ямар нэгэн бэрхшээл байхгүй” гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ