
Сирийн Засгийн газрын эсрэг бослого тэмцэл өрнүүлж буй босогчдын үймээн үргэлжилсээр байгаа.
Өчигдрийн байдлаар 28 цэрэг амь үрэгдсэн болохыг Сирийн засгийн газраас мэдээлэв. Босогчид цэргийн байрууд руу нэврэн орж халдлага үйлджээ.
Цэргүүдийн зарим нь шархдаж, зарим нь нуугдан амь гарч чадсан бөгөөд босогчид цэргүүдийг загнан харааж “Ассадын ноход” хэмээн шүршигч буугаар буудаж байсан тухай ярьжээ.
Мөн өчигдөр нийслэл Дамаск болон Алеппо хотыг холбож байсан хурдны зам дээр дэлбэрэлт болж энэ замыг дахин ашиглах боломжгүй болгожээ.
Мусульман шашинтны баярын өдрийг тохиолдуулан хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийсэн боловч аль аль нь хэлсэндээ хүрч чадалгүй эргэн дайны байдалд шилжээд байгаа юм. Үүнд олон улс сэтгэл зовнисон хэвээр байгаа.
Ирэх долоо хоногт Катар улсад олон улсын бага хурал болох бөгөөд энэ үеэр Сирийн иргэний дайны хурцадмал асуудлыг ч нухацтай ярих гэнэ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд Сирийн асуудалд Орос, Хятад, Иран зэрэг улсууд эрчимтэй оролцох болсон. Үүнийг улс төр судлаачид болоод олон улс өөр өөр өнцгөөр тайлбарлаж байгаа бөгөөд ихэнх нь сөрөг байр суурьнаас хандаж байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ