Эхнэртэйгээ муудалцсан эр бусдын авсанд орж хэвтээд унтчихжээ

img

Украины Житомир хотын 33 настай эр эхнэртэйгээ муудалцсаны дараа оршуулгын товчооны байранд ороод, тэнд унтчихжээ гэж “Украинские новости” сонин мужийн цагдаагийн газрын мэдээг иш татан бичсэн байна. Аравдугаар сарын 31-нд залуу эр эхнэртэйгээ муудалцжээ. Түүнд гомдсон мань эр гэрээсээ  гарч, гудамжаар зөндөө тэнэсэн байна. тэрээр архи ууж бүлээцэх гэсэн боловч яалт ч үгүй даарч, харин гэртээ буцаж орохыг бодоогүй аж. Тэгээд оршуулгын товчооны байранд хоног өнгөрүүлэхээр шийдсэн байна. Энэ газар нь түүний суудаг олон давхар байшингийн нэгдүгээр давхарт байдаг аж. Житомирын оршин суугч цонхыг нь хагалаад дотогш оржээ. Тэнд худалдахаар зэхсэн нэг авсанд орж хэвтээд, түргэн дулаацах гэхдээ тагийг нь ч тагласан байна. Цонхны шил хагарах чимээг хөршүүд нь сонсож, цагдаагийн газар руу утасджээ. Дуудлагаар улсын хамгаалалтын албаны ажилтнууд ирсэн байна. Тэд оршуулгын товчооны байрны өрөөнд үзлэг хийгээд хэнийг ч олоогүй аж.  “Гэтэл нэг авсны таг гэнэт өргөгдөж, дотроос нь согтуу, бага зэрэг нойрмоглосон залуу гарч ирсэн” гэж  хамгаалалтын албаны төлөөлөгч ярьсан байна. "Амилсан" эрийг дүүргийн цагдаагийн хэлтэст аваачжээ. Гэхдээ “Комсомольская правда в Украине” сонинд бичсэнээр мань эрийг шийтгэхгүй бололтой.  Тэр оршуулгын товчооны байранд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр амлаж, уучлал эржээ. Мөн эхнэртэйгээ эвлэрснийг ч хэвлэлүүдэд мэдээлж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ