
Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн тухай товч мэдээлэл хийсэн байна. Нийслэл хотын хүн ам, өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, ахуйгаас болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, тээвэрлэх, түүнийг ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа өнөөгийн шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж, энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулжээ.
Энэхүү хөтөлбөрт хог хаягдлын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хог цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрийг байгуулах, хог тээврийн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болон санхүүжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг тусгасан байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 114,4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Мэдээллийг сонсоод НИТХ-ын Тэргүүлэгч Б.Түвшин, Л.Нарантуяа нар, хөтөлбөрт зарим нэг дутуу орхисон зүйл байна.
БОНХЯ-тай хамтран аюултай хог хаягдлын жагсаалтыг гаргаж, энэхүү жагсаалтад орсон хог хаягдлыг хэрхэн тээвэрлэх боловсруулах асуудлаа нарийн тусгах хэрэгтэй, мөн хөдөлмөрийн удирдлага зохион байгуулалт дээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил нэмэх хэрэгтэй, хөтөлбөрийн төсөвийн задаргааг дахин боловсруулж хэлэлцүүлэх нь зөв гээд, энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулахыг санал болгож, энэ саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ