Утаагүй түлшийг зөвхөн Баянгол дүүрэгт хэрэглэнэ

img

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг нар хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Нийслэл хотын агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах ажилд тэргүүн зэрэгт шаардлагатай байгаа “ДЦС-2” ТӨХК–ийг түшиглэн баригдаж буй жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах төслийг “Аморе интернэшнл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээгээр үйлдвэрийн эхний ээлжийг 2011 онд, 2012 оны есдүгээр сард бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах ёстой боловч энэ жил 19 мянган тонн боловсруулсан түлш нийлүүлж магадгүй гэж ярьсаар өдийг хүрчээ. Сүүлийн хоёр жил Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс” тогтоож бүсийн айл өрхүүд боловсруулсан түлш, сайжруулсан зуух хэрэглэж байгаа юм. Уг нь түүхий нүүрс хязгаарлах бүс түлшний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр хотод түүхий нүүрс түлэх явдлыг бүрэн хорих зорилготой байв. Гэвч боловсруулсан түлш нийлүүлэх ёстой байсан дээрх томоохон үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа бүрэн ашиглалтад орж чадахгүй байгаа тул түүхий нүүрс хязгаарлах бүсийг түлшний нийлүүлэлтэд нийцүүлэн өрхийн тоог багасгаж зөвхөн Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Одоогоор Баянгол дүүргийн гэр хорооллын  иргэдэд сайжруулсан зуух нийлүүлэхгүй байгаа бөгөөд хуучин зуухандаа уг утаагүй гэх түлшийг түлж өвөлжихөөр төлөвлөсөн байна. Тус үйлдвэрт хүрэлцэн ирсэн дарга нарт үйлдвэрийн барилга, угсралтын ажил бүрэн дууссан гэсэн тайлбарыг үйлдвэрийн удирдлага хэлсэн байна. Гэхдээ, бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр Эрчим хүчний яам, ТЭЦ-2-ын удирдлага элдэв шалтгаан тоочиж худал амлалт өгсөөр өдий хүрч, нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүн иргэдэд хэзээ хүрэх нь тодорхойгүй хэвээр байсаар байгаад ажилтан танилцах хэсгийхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Уулзалтын явцад хотын дарга Э.Бат-Үүл цаашид тус үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол авч шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гээд, ядахдаа энэ амлаад байсан 19 мянган тонн түлшээ энэ ондоо өгөхийг хүслээ.  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан Үндэсний хороо түлшний барьцалдуулагч болгон ашиглах шилэн шингэний үйлдвэрийг барих зардлыг шийдвэрлэх зэрэг томоохон дэмжлэгүүдийг үзүүлж үргэлж анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа дурдаад цаашид шаардлагатай дэмжлэгийг Үндэсний хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ажил хариуцагч нарын хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ