
Японы Засгийн газар энэ жил Ази, Номхон далайн орнууд, Хойд Америкийн бүсийн 41 орны хүүхэд залуусыг урьж, Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүүхэд залуусын харилцаа тогтоох зорилго бүхий “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Монголоос, Япон хэл судалж байгаа 175 ахлах ангийн сурагч, оюутнууд гурван хэсэгт хуваагдан Япон улсыг зорих бөгөөд эхний ээлжийн 89 хүүхэд энэ сарын 2-нд Токио руу нислээ. Энэхүү хөтөлбөрт оролцогч хүүхэд залуусыг явахаас өмнө 10 сарын 31-ний өдөр Японы Элчин Сайдын яаман дээр хүлээн авч үдэх арга хэмжээг зохион байгуулсан юм.
Эхний ээлжийн хүүхдүүд Японд буусны дараа Токио хотод тайлбар танилцуулга хийлгэн, Фүкүшима мужид зочлож Монгол Улсаас эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс үзүүлсэн тусламж, дэмжлэгийн ачаар гамшигт өртсөн бүс нутгаа хэрхэн эрчимтэй сэргээн босгож буйг нүдээр үзэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн оюутан сурагчидтай танилцан, тэдний сургуульд зочлох, япон айлд хонох, гамшгийн үеийн сургалтад хамрагдах зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцон 12-ны өдөр буцаж ирэх юм. Энэ удаагийн эхний ээлжинд Хөгжим бүжгийн коллежийн ахлах ангийн 12 сурагч уригдан оролцож байгаа бөгөөд Монголын язгуур урлагийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.

Монголоос цаашид 2-р ээлж (ахлах ангийн сурагчдын нэг хэсэг болон оюутанууд нийлсэн 75 хүний бүрэлдэхүүн) 11 сарын 16-наас 26-ны өдөр Япон улсыг зорин Иватэ болон Хоккайдо руу тус тус аялана. Мөн 11 сарын 19-нөөс 3-р ээлжийн 10 хүн Японы гамшигт өртсөн нутагт зочлох, мөн 1995 онд Кобэд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр ихээхэн хохирол амссан Аважи аралын Өмнөд Аважи хотод зохион байгуулагдах “2012 оны Олон улсын Азийн хүүхдийн кино наадам”-д оролцоно.
Энэ жил, Япон болон Монгол хоёр улс анх 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 40 жил хэмээх тэмдэглэлт ойтойгоо золгож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Засгийн газрын дээд хэмжээний харилцан айлчлал болон соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Эдгээрээс өнөөг хүртэлх хамгийн олон тооны хүүхэд, залуус буюу Монголын 175 хүний бүрэлдэхүүн, Япон оронтой танилцах энэ хөтөлбөр нь 40 жилийн ойн онцгой чухал арга хэмжээний нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ