Буйдантай суултын буухиа үргэлжилсэн өдрүүд
Өнгөрөгч долоо хоногт улс төр сонин содон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Хууль зүйн дэд сайд Засгийн газрын нэрийн өмнөөс Интерполд захидал илгээж олны чихийг дэлдийлгэсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг даргадаа уламжилсан гээд халуухан сэдвүүдийн жагсаалт хөвөрнө. Ингээд өнгөрөгч долоо хоногийн улс төрийн мэдээллийг тоймлон хүргэе.
У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын гишүүн У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногийн сүүлээр гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Чухам ямар үндэслэлээр гишүүнийнхээ эрхээс татгалзах болсон тухайгаа өөрөө ам нээгээгүй ч журмын нөхөд нь түүнийг ар гэрийн гачигдлаар цаашид төр түших боломжгүй болсон гэх тайлбарыг хийсэн.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээллээр түүний асуудлыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хэлэлцээд маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулахаар товложээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан У.Хүрэлсүхийн талаар зарим сонин хэвлэлээр Шивээ-Овоогийн уурхайн хууль бус өмчлөлийн маргаан нь Авлигатай тэмцэх газарт дуудагдсан, МАК-аас 600 сая төгрөгийг авлига хэлбэрээр авсан байж болзошгүй гэх зэрэг мэдээлэл гарсаар байна. Харин энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэнэ.
Эмнэлгүүдийг нэгтгэлээ
Иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч бямба гарагт гаргалаа.
Эл хоёр эмнэлгийг нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгохоор тогтсон. Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар одоо барьж буй барилгыг Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төв болгон засч тохижуулан ашиглахаар болсон юм.
Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр эмнэлэг нийт 550 шахам ортойгоор жилдээ 15 орчим мянган хүнийг хэвтүүлэн эмчлүүлдгийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг байна. Ийнхүү хангалттай хүчин чадалтай байгаа нь тус эмнэлгүүдийг нэгтгэх шалтгаан болсон байна.
Д.Эрдэнэжамъян Интерпол руу захидал илгээв
МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт шалгуулж байсан иргэн Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Д.Эрдэнэжамъян уламжилсан нь олон нийтийг гайшруулсан. Энэхүү үйлдэлд нь түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгах болсон юм.
Тэрбээр мөрдөн байцаагчдаа “Захидал илгээсэн нь үнэн” гэсэн мэдүүлгийг өгсөн юм. Хууль зүйн дэд сайдад ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өгсөн. Тэрбээр "Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоож өгөх хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад тавьсан нь үнэн эсэхийг нягтлахаар шалгаж байна" гэсэн юм.
Харин Хууль зүйн дэд сайд хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд “Би МАХН-ын гишүүн, дэд сайдын хувиар Интерпол руу захидал илгээсэн. Д.Хуяг нар нь хүнд гэмт хэрэгтэн биш. Улстөрийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас Интерполоор эрэн сурвалжлах нь зохисгүй гэж үзэж байна” гэх мэдээллийг өгч байлаа.
МАХН-ын гишүүд суулт хийлээ
Чуулганы хуралдаанаар хоёр гишүүний тангараг өргөхтэй холбоотой асуудлыг эсэргүүцэн УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдийг буйдангаар дарж суулт хийж байсан бол энэ удаад МАХН-ынхан Тусгаар тогнолын ордны үүдэнд буйдан дээр тухлаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт МАХН-ын буйдантай суулт хийх болсон үндэслэлээ “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын гишүүнчлэлээс гараагүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан.Үүнд МАН-ынхан буруутай учраас эсэргүүцэж байна” хэмээн тайлбарласан.
Эсэргүүцлээ илэрхийлсэн гишүүд “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо МАХН-ын 12 хүнийг хуулийн дагуу бүртгэхийг шаардаж байна”, “МАН Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд халдахгүй байхыг шаардаж байна" гэх зэрэг лоозон барьж суулт хийсэн юм.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт анхаарал татсан сэдвийн нэг бол шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдэх сураг гарсан ч Уул уурхайн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ