
БНСУ-ын Инчон хотноо зохиогдсон хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд Япон, Саудын Араб, БНХАУ, Монгол, БНСУ-ын зургаан баг оролцсоноос манай “Хангарьд” клуб II байрт шалгарч сайхан амжилт гаргалаа. Эрдэнэт үйлдвэрийн хөлбөмбөгчид эхний тойрогт Саудын Арабын багийг 7:0, дараа нь Японы "Kitakyushyu" клубийг 3:0-ээр буулган авч, шигшээ тоглолтод Тайландын “Bangkok FC” багт 2:3-аар дийлдэн мөнгөн цомын эздээр тодорлоо. М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубийнхэн өмнө нь Инчонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа "Incheon-2012" олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан билээ. Инчон хотын дарга Сөнь Ён-Гиль, Incheon-2014 Азийн спортын наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд хаалтын ёслолд оролцож, Тайланд, Монголын багийн шагналыг гардуулав. Цомыг дагалдан түрүүлсэн багт 3000, үзүүрлэсэн багт 1000 ам.долларын мөнгөн шагнал хүртээсэн байна.
Тэмцээний тэргүүн тоглогчоор “Хангарьд”-ын О.Мөнх-Од ( 4 гоол ) шалгарсан бол "Fair Play" цэвэр тоглолтын шагналыг С.Баярзаяад олголоо. Дараагийн тэмцээнийг 2013 оны аравдугаар сард зохиох бөгөөд 10 орны баг өрсөлдөх төлөвтэй ажээ.
Ж.Отгон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ