
АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль маргааш болно. Ингэснээр ирэх дөрвөн жилд АНУ- ыг тэргүүлэх тэргүүн сонгогдох юм. Энэ нь зөвхөн америкчуудад төдийгүй дэлхийн бусад улсуудад ч чухал үйл явдал болно.
Нэр дэвшигчид саналын хувьд бараг тэнцүү шахам хувьтай явж байгаа учир одоохондоо хэн нь ялах магадлалтай байгааг урьдчилан хэлэх боломжгүй байгаа юм. Хэдийгээр сонгуулийн өдөр маргааш боловч зарим бүс нутгуудад урьдчилсан сонгууль явагдаж байгаа. Урьдчилсан сонгуулийн байдлаар нийт америкчуудын дөрвөн хувь нь саналаа өгөөд байна.
Нэр дэвшигчдийн хувьд хэн хэн нь гарах магадлал өндөр байгаа учир хоёр тал хоёулаа санал хураалтад ихээхэн анхаарал хандуулж байна. Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн кампанит ажлыг хаахаас өмнө хамгийн эрдсэл ихтэй буюу эргэлзээтэй байгаа хот, мужуудаар ажилласан. Тэрээр кампанит ажлынхаа үеэр иргэдтэй уулзаж, өөрийн хийж бүтээж дуусгаагүй байгаа ажлуудаа дуусгах, өнгөрсөнд суралцсан бүхнээсээ алдаагаа засах боломжийг олгохыг хүсч байгаа билээ. Улс төр судлаачдын үзэж байгаагаар түүний дэмжигчид жирийн ард түмнээс эхлээд улс төр, урлаг соёлын нэртэй одууд хүртэл бүх хүрээнийхнийг хамарч байгаа бөгөөд түүний сонгуулийн ажил нэлээд урагштай байгаа. Ерөнхийлөгч Барак Обама нэр сайтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт болсон Сэнди хар салхины үеэр кампанит ажлаасаа илүүтэй шуургаанд өртөгсдөд анхаарлаа хандуулан, бүс нутагт ажилласан нь нөлөөлжээ. Харин зарим нэг өөр өнцгөөс харж байгаа судлаачдын хувьд байгалийн гамшиг тохиолдсон нь нэр хүндээ өсгөх хөшүүрэг нь болж байна гэж үзжээ. Мөн халз мэтгэлцээнүүдэд хоёр удаа ялалт байгуулсан нь түүнийг хэр зэрэг ул суурьтай мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүндээ хүрэх арга замаа зөв тодорхойлж чадсаныг нь нотоллоо хэмээж буй.
Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Мит Ромни мөн л сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд хотуудаар явж сонгогчидтой уулзаж санал хүсэлтийг нь сонссоор байна. Тэрээр ажилгүйчүүдийн тоог багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байгаа боловч чухам ямар арга замаар дээрх асуудлыг шийдэх нь тодорхой бус байгаа юм. Тиймээс зарим судлаачдын үзэж байгаагаар энэ тодорхойгүй байдал нь түүний санал хураалтад нөлөөлж болозошгүй байгаа гэжээ. Зарим талаараа Мит Ромни Барак Обама руу хэт дайрсан хандлагатай байгаа нь олны дургүйцлийг хүргээд байгаа. Түүний энэ байдлыг харсан иргэд түүнийг хар улс төр хийх магадлал өндөртэй хэмээн дурамжхан хандлага илэрчээ.
Гэхдээ Мит Ромнигийн хувьд зарим мужуудад нэг хувийн саналаар илүү явж байгаа. Тэрээр “Сонгуулийн өдөр бол америкийн ирээдүйг шийдэх өдөр байх болно. Өнгөрсөн дөрвөн жил юу болж байсныг дүгнэж харах боломж нээгдэнэ” гэж ярьжээ. Нэр дэвшигчдийн саналын хувь бараг тэнцүүхэн явж байгаа учир сонгуулийн дараа, будилаан гаралаа хэмээн жагсаал гарч магадгүй хэмээн улс төр судлаачид ярьж байгаа юм.
Үнэхээр өнгөрсөн дөрвөн жилд чухам ямар ахиц дэвшил гарсан болон, төрийн тэргүүндээ хэр зэрэг сэтгэл хангалуун байсан зэрэг нь тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ