А.Мөнгөнхуяг: Бүжгийн дэлхийн аваргад "Улаан сарнай", "Хатантуул" хамтлагууд хүчтэй өрсөлдөнө

img

Монголын бүжгийн спортын  холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуягтай ярилцлаа. - Тун удахгүй Дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд хэдэн орны, хэчнээн тамирчин оролцох вэ? - Хориод улс оролцох байх. Нэг улсаас хоёр баг оролцоно. Азиас Монголчууд анхдагч нь болж оролцож байгаа. 2010 онд анхдагч болж оролцоод аравдугаар байр эзэлж байсан. 2011 онд стандарт бүжгийн төрөлд мөн аравдугаар байрт шалгарахад Дэлхийн бүжгийн холбооны цахим хуудаст “Монголчууд формейшн буюу хамтлагийн бүжгийн төрөлд хүч түрэн орж ирлээ” гэсэн нийтлэл хүртэл гарч байсан. -Манай улсаас Дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудынхаа талаар танилцуулаач? -Стандарт бүжгийн төрөлд хоёр, латин америк бүжгийн төрөлд нэг баг оролцоно. Хамтлаг бүр үндсэн 16 бүжигчин, хоёр орлон тоглогч, хоёр дасгалжуулагчтай оролцохоор бэлтгэлээ базааж байна. Манай бүжигчдийн илүүтэй амжилт гаргадаг төрөл бол хамтлагийн тэмцээн буюу 6-8 хосоор оролцдог латин стандартын формейшн төрөл юм. Дэлхийн аваргад манайх энэ төрлөөр 10-т орж байсан. Энэ жил маш хүчтэй бүрэлдэхүүн оролцох гэж байгаа. Стандарт бүжигт энэ сарын 26-нд Германд болох тэмцээнд нэг орноос хоёр баг уригддагаас бид хоёр баг оруулахаар төлөвлөсөн. Тодруулбал ХААИС-ын "Хатан туул", Санхүү эдийн засгийн дээд сургуулийн "Улаан сарнай" хамтлаг оролцоно. Хоёулаа сайн бэлтгэлтэй байгаа.  Энэ жил Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний I, II байрыг эзэлсэн хамтлагууд байгаа юм. Дараагийн төрөл нь үүнээс 14 хоногийн дараа болно. Тэнд 2010 онд Москвад болсон тэмцээнд мөн X байр эзэлсэн, 2011 онд Литвад болсон тэмцээнд XI байр эзэлсэн  "Star dance" хамтлаг өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж байна. Энэ жилийн бэлтгэл маш сайн байна. Бүжгийн бэлтгэлээс харж байхад 2011 онд гаргасан алдаануудаа давтахгүйн тулд ажиллаж байгаа. Багш нараас нь дурдвал, Star dance хамтлагийн дасгалжуулагч багшаар Д.Батсайхан, О.Саранхүү, "Улаан сарнай" хамтлагийн багш дасгалжуулагч нь Б.Номингэрэл, Б.Мөнх-Очир,  “Хатан туул“ хамтлагийн  багш Д,Ганбаяр, Цолмон нар ажиллаж байгаа. Ингээд 70-аад хүний бүрэлдэхүүнтэй баг тэмцээнд явна.

-Манайх эдгээр тэмцээнүүдийг хүлээн авч үзэх боломж бий юу?

- Дэлхийн бүжгийн спортын холбооноос авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу тэмцээний бичлэгүүдийг "Univision" компани онцгой эрхтэйгээр дамжуулж байгаа. Тэрнээс гадна гурван том тэмцээн болох Дэлхийн аварга шалгаруулах 10 бүжгийн тэмцээн, Латин стандарт бүжгийн тэмцээнийг “Шууд телевиз” шууд дамжуулах юм. Үүнд Монголын бүжгийн спортын холбоо нэлээд талархалтай байгаа. Бүжгийн спортыг монголын ард түмэнд үнэн зөвөөр ойлгуулах, бидний хүсэл зорилгыг дээшээ уламжлахад  том хувь нэмэр болох байх гэж бодож байна. "Шууд" телевизээр өдөр болгон 20.00 цагаас Дэлхийн болон европын аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулж байгаа. Энэ нь хүмүүст маш их хүрч байна. Нийтдээ гурван удаагийн шууд дамжуулалт байгаа. Энэ маань цагийн зөрүүнээс болоод манайд үүрээр болно гэсэн үг. Үүнийг бичлэгийг нь маргааш нь дамжуулахаар шийдсэн байгаа. Бид нар урьдчилан үзэлгүй шууд тайлбарлаад явна. Тиймээс үзэгчид маань дэлхийн шилдэг тэмцээнүүдийг тухлан сууж үзээрэй. -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчдын гол өрсөлдөгчдийг нэрлэвэл? - Тамирчид болон дасгалжуулагчид юу гэж бодож байгаа юм бүү мэд. Миний хувьд X байраа урагшлуулчих юмсан гэж бодож байгаа. Арай ахиулж бодоход эхний зургаад орчих юмсан гэж бодож байна. Өрсөлдөгчийн тухайд мэдээж ОХУ ойлгомжтой. Мөн Герман улс ч гол өрсөлдөгч. Эдгээр улсууд аль ч төрөлдөө хоёр баг илгээнэ. Стандартын төрөлд Герман дандаа аваргалдаг. Литва улсын баг хүчтэй. Латин америкийн төрөлд мэдээж хоёр баг илгээнэ. Дээрээс нь бүжгийн спорт үүсч хөгжсөн Англи байна.  Гэхдээ манай бүжигчид Дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн удаа оролцохдоо Английн багийг дандаа ялж байсан. Аль нь ч мундаг багуудаа илгээнэ. -Сүүлийн үед ямар олон улсын тэмцээнд оролцсон бэ? -Манай хүүхүүд саяхан Хонконгийн нээлттэй тэмцээнд оролцоод ирлээ. Энэхүү тэмцээнд бүжгийн "Sway" клуб, Монголын хүүхдийн ордны "Авьяас" төв, бүжгийн спортын "Гоо үжин" төвийн багш нар, шавьтайгаа оролцоод ирсэн. Үүнээс манай хүүхдүүд 50-60 медальтай, тэр дундаа гол найдлага тавьж байсан таван төрөлдөө 3-4 алт авсан байна лээ. -Олон улсын тэмцээнээс гадна бүжигчид маань монголдоо жилд хэчнээн тэмцээн уралдаанд оролцдог юм бол? -Жилд байнгын болдог 10-аад тэмцээн байна. Зарим жилд 20-иод тэмцээн болно. Эдгээр хамгийн том тэмцээн нь "Сарны цом" хэмээх тэмцээн байдаг. Энэхүү тэмцээнд 2500 орчим хүн оролцдог. - Эцэг эхчүүд охидуудаа балетын дугуйланд их явуулах болсон. Ер нь бүжгийн спорт ямар ач холбогдолтойг мэргэжлийн хүний хувьд тайлбарлаач? -Балетын клубууд энд тэндгүй л байна. Төлбөр мөнгөний хувьд ч өндөр байна. Тэд нарыг сайн зааж байгаа юу гэвэл би бас хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл би олон жил хүүхдүүдтэй ажиллаад тэднийг тодорхой түвшинд хүргэсэн. Медальд хүрсэн, ялагдаж, ялж, тэмцэж сурч байгаа. Бие бялдрын хувьд ч сайхан болсон. Харин балетын сургууль ямар үр дүнд хүргэсэн бэ гэдгийг одоогоор хараагүй байна.  Үүнийг би хэлээд байгаа юм биш, Хөгжим бүжгийн сургууль, СУИС, Соёлын дээд сургуулийн тэргүүлэх зэргийн багш нар ч санал нэг байдаг. Үүн дээр би эмзэглэж явдаг. Балетын сургууль эцэг эхчүүдээс мөнгө авчихаад хүүхдэд нь юу заагаад байгаа гэдэг бол тодорхойгүй асуудал болжээ. Бүжгийн спортын хүүхдэд өгч байгаа гол зүйл бол хүмүүжил, Амьдрал бол тэмцэл юм байна гэдгийг хүүхдүүд ойлгодог. Дараагийн гол зүйл бол эрүүл бие. Ямар ч ачааллыг даадаг болдог. Ер нь бүжгийн спортод "гологдлууд" орж ирдэг. Өндрүүд нь сагсанд, бадриун биетэй нь бөх рүү явчихдаг. Бид тэр хүүхдүүдийг хөгжүүлээд өндөр нуруутай, бадриун  биетэй болгоод,  эрүүл биетэй, хорт зуршил хэрэглэдэггүй болгож хүмүүжүүлдэг. Хүүхдүүд маань амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн үг:
Бүжгийн спортын Мөнгөнхуяг гэхээр шалиг шалчигар охид хүүхдүүдээ зүгээр байлгадаггүй, хүүхдүүдийнхээ ээж нартай хүртэл ээлж дараалан явалддаг гэдгээрээ их л алдарт гарч байгаа хүн дээ
2016-05-09
гэрлээ :
би дорнод аймгийн дорнын солонго2 хамтлагийн тамирчин байна. мөнөө,оюунбат багшийгаа их хүндэлдэг
2014-10-11
SOLO:
minii huu bas tanii shavi blaa odoo hyatadad oyutan.surdag hotdoo bujgeeree olon temtseend amjilttai oroltsdog yumaa ta shavi nartaigaa temtseendee amjilttai oroltsood ireerei.
2013-03-01