"Мөрөөдлийн үзэг" удахгүй тайзнаа амилна

img

Засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос зарласан  2012 оны энэ тендерт зохиолч Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол шалгарч сурагчдын амралтаар нээлтээ хийх гэж байна. Энэ талаараа жүжгийн багийнхан "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийсэн юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар МУСГЗ Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Зохиолч  Ц.Түмэнбаяр  “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” өгүүллэгээсээ сэдэвлэн бичжээ. Энэ нь шилжилтийн насныхан болох 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн жүжиг юм байна. Ер нь ахлах ангийн юм уу эсвэл бүр бага анги, бага насны хүүхдэд зориулсан бүтээл их байдаг тул энэ удаа хамгийн эгзэгтэй насныханд зориулсан бүтээлээр жүжиг тавьж байгаагаараа онцлог аж. Жүжгийн тендерт  Нийслэлийн “Улаанбаатар”  чуулга хамтран оролцсон байна. "Мөрөөдлийн үзэг" жүжигт "Хөх гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд энэ жүжгээр тус театрынхаа албан ёсны нээлтийг хийх юм. Уг жүжиг энэ сарын 14-16-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа, 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа амилна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ