Банкинд халдаж, хүний аминд хүрсэн этгээд буруугаа өчнө
Хаан банкинд халдаж хүний амь хохироосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Налайх дүүргийн шүүхэд хэлэлцээр товложээ.
Уг шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Наранмандах, Б.Мөнхбаяр, хохирогчоор П.Туяа нар оролцоно. А.Бат-Ялалтыг эрүүгийн хуулийн 91,112 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Сануулахад, өнгөрөгч хоёрдугаар сарын 3-ны өдөр манай редакцийн утас хангинаж баттай эх сурвалж Налайх дүүргийн Хаан банкинд буутай дээрэмчин дөнгөж сая гурван хүнийг буудчихлаа гэсэн мэдээллийг өгч байв.
Манай сурвалжлах баг тус өдрийн 11.40 цагт хэргийн газарт очиход дүүргийн арав гаруй цагдаагийн албан хаагч банкийг хамгаалалтад авсан, банкны хоёр давхрын цонх бууны суманд оногдож хагарсан байв.
Тухайн үеийн мэдээллээр бол тус банкны захирал Г.Туяа нөхөр Ч.Батбаатарын хамт хот руу явахаар төлөвлөж байжээ. Гэтэл 11.00 цагийн үед өндөр биетэй залуу “Би сурвалжлагч байна. Захирлаас тань тодруулга авья” гэж хэлээд хамгаалалтыг нэвтэрч улмаар захирлын өрөөнд орж ханцуйнаасаа тайрсан буу гаргаж ирэн мөнгө өгөхийг шаардан буу тулгасан байна.
Энэ үед захирал эмэгтэйн нөхөр болох Ч.Батбаатар эхнэрийнхээ урдуур гүйн орж буудуулан шалан дээр унажээ. Тэр үед хэрэг гарсан өрөөнд байсан бас нэг эмэгтэй ч бууны суманд өртөж гартаа гэмтэл авчээ.
Дээрмийн халдлага хийсэн залуу Нарантуул захаас хөлсөлж ирсэн ногоон өнгийн 50-45 УНС улсын дугаартай “Аксент” маркийн машины жолоочийг барьцаалан хэргийн газраас зугтаасан юм. Энэ үед банкны ажилтнууд түргэн тусламж, цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр галт суманд өртөж их хэмжээний цус алдсан Ч.Батбаатар эмнэлэгт хүргэгдэж мэс засалд оржээ.
Үүнтэй зэрэгцэн цагдаагийн ажилтнууд дээрэмчнийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос тухайн өдрийн 11.50 цагийн үед баривчилж, аюулгүй болгосон юм. Үүнээс хойш гэмт этгээдийг 9 сар гаруй хугацаанд шалгаж, гэм буруутай нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон гэж үзэн хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ