Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд бараалхав
Лаос улсын нийслэл Вьентьян хотноо чуулж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг бараалхав.
Тэд хоёр талын болон олон талын оролцоотой хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл/АОХН/-ийг Монгол Улс тэргүүлэх хугацаандаа түүнийг эрчтэй, нээлттэй, оролцоог хангасан, ил тод байгууллага болгохын төлөө хийж буй шинэчлэлийн тухай, Киргиз болон бусад шинээр ардчиллын замд орсон орнуудтай өөрийн туршлагаас хуваалцах, бас АОХН-ийн шугамаар дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байгаагаа яриад Умард Солонгост ч гэсэн НҮБ-ын хүнсний тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан туслах хүсэлтэйгээ хэлэхэд ноён Хэйг “Бид дэмжих болно” хэмээв.
Ерөнхийлөгч ирэх онд Монгол, Их Британи хоёр дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийн ойг тэмдэглэхийг дуулгаад 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд болох АОХН-ийн сайд нарын долдугаар бага хуралд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг урилаа. Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг урилгыг талархан хүлээж авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ