
Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг Ама Дабламын оргилд гарчээ. Монгол, Канада, Нидерланд, Норвегийн дөрвөн уулчдын нэгдсэн багийг монгол уулчин Л.Баярсайхан удирдсан байна.
Энэ оргил нь “Гималайн Сувдан эрдэнэ” гэж нэрлэгддэг хамгийн үзэсгэлэнтэй оргил юм. Бас уулчнаас ур чадвар, техникийн авиралт шаардсан, хамгийн хэцүүд тооцогддог оргил аж. Хамтарсан баг 6812 метр өндөрт 2012 оны аравдугаар сарын 31-нд Ама Дабламын оргилд гарсан байна. Тэд үндсэн авиралтанд таван өдөр зарцуулжээ. Эверестийн оргилыг анх эзэлсэн Сэр Эдмунд Хилари энэ оргилд хүн гарах боломжгүй гэж байсан бол Монгол ахлагчтай баг бүгд гарч чаджээ.

Багийн ахлагч Л.Баярсайхан нь Монголын уулын аяллын “Монгол Хайкин Клуб”-ыг үүсгэн байгуулагч, Монгол улсын хүний их эмч хүн юм. Энэхүү авиралтаар Л.Баярсайхан эмч нэг жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Альпийн өндөр оргилуудад 11 дэх удаагаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоож байна.
Хамтарсан багт тив дэлхийн өндөр оргилууд 10-аас 30 удаа авирсан туршлагатай уулчид оржээ. Долоон тивийн долоон өндөр оргилд гарсан Канада, Нидерландын хоёр уулчин, 8000 метрээс дээш хоёр оргилд гарсан Норвегийн уулчин ч байсан байна. Л.Баярсайхан эмчтэй нийлээд дөрвөн уулчин дөрвүүлээ дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай гарч байжээ. Авиралт цаг уурын хүнд нөхцөлд явагдсан тул нэг гишүүний 2 хөл 2-р зэргийн хөлдөлттэй хүндэрч бааз лагераас нисдэг тэргээр яаралтай Катманду нисгэжээ. Бусад гишүүд, ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.

Л.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ