
Адольф Антуан Жозеф Сакс 1814 оны арваннэгдүгээр сарын 6-нд Бельги улсад үлээвэр хөгжмийн зэмсгийн нэрт мастер Шарль Жозеф Саксын гэр бүлд төржээ. Эцэг нь ордны хөгжмийн мастер байж, Бельгийн цэргийн хороодын найрал хөгжимд зориулсан үлээвэр хөгжмийн зэмсэг нийлүүлэх ажлыг хариуцаж, бялар, бишгүүрийг боловсронгуй болгосноор дээд шагнал нэг бус удаа хүртэж байсан байна.
1836 онд тэднийх Францад цагаачлан гарчээ. Том хүү Адольф хүүхэд байхаасаа эцгийнхээ хийж байгаа зүйлийг ажиглан харж, улмаар түүний мөрөөр явсан нь мэдээж. Бүр зургаан настайдаа хүү хөгжмийн авъяастай нь харагдаж, 12 настайдаа үлээвэр хөгжмийн модон зэмсгийн эд ангийг угсрах, даралтуудыг зүлгэхэд нь эцэгтээ тусалж, харин 16 настайдаа өөрийн анхны лимбэ, бяларыг хийсэн байна.
Залуу Адольф Брюсселийн хөгжмийн дээд сургуульд элсэн орж, бялар хөгжмөөр тоглоход суралцжээ. Удалгүй эцэг нь 20 настай Адольфт өөрийн урланг өгсөн байна. Адольф Сакс 1834 онд анхны дорвитой шинэчлэлийг хийж, бяларыг 24 даралттай болгожээ.
1842 онд Адольф Сакс Парис хотод үлээвэр хөгжмийн зэмсгийн үйлдвэр байгуулсан байна. Энд тэр баргил-бяларын дуугаралтыг сайжруулахаар ажиллаж, ингэснээр уг хөгжмийн зэмсгийн дуугарах цараа нь тэлэгдэж, хэлбэр нь өөрчлөгдөн, ганстай адилхан болжээ. Шинэ зэмсэг нь саксфон гэдэг нэртэй болж, 1846 онд патент авсан байна. 1857 онд Парисын хөгжмийн дээд сургуульд саксфоны анги байгуулжээ.
Гэвч эхлээд түүний санаа бодлыг тэр бүр хүн дэмждэггүй байж. Хуучинсаг үзэлтнүүд ч байсан бөгөөд тэд Саксын эсрэг идэвхитэй тэмцэх болсон байна. Олон жилийн далд явуулга, шүүхийн зарга заалхай пүүсийг хоосруулж, авъяаслаг мастерын эрүүл мэндийг муутгажээ.
Адольф Сакс 1894 оны хоёрдугаар сарын 4-нд Парис хотод ядуу зүдүү нөхцөлд нас барсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ