
Засгийн газрын тэргүүнийг өглөөний 8.30 цагт Баруун-Уртчууд цэргийн хүрээний хүндэт харуулын жагсаалаар угтан авснаар Сүхбаатар аймагт ажиллах хөтөлбөр эхэллээ. Мандах нарнаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.Сүхбаатар жанжны морьт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд биечлэн танилцах ажлаа эртлэн эхлүүллээ. Эн тэргүүнд аймгийн бүтээн байгуулалт, тэр дундаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлын явцтай танилцахыг чухалчилж, бүтээн байгуулалт ид өрнөж буй “Шарга” жишиг хороололд зочиллоо.
Засгийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил Баруун-Уртаас эхэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд жишиг байдлаар баригдсан 700 айлын гэр хорооллоос эхний ээлжинд 200 өрхийг халаалт дулаан, халуун хүйтэн ус бүхий дэд бүтэцтэй холбох ажил Баруун-Уртад одоо ид өрнөж байна. Гүйцэтгэлийн ажлыг гардан хийж буй “Атмор” ХХК-ийнхан 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хагас сарын өмнө энд ирж, “Шарга” жишиг хорооллын 200 айлын хашаанд дэд бүтэц оруулж байна. Энэ ажлаа 11 дүгээр сарын сүүлчээр бүрэн дуусгах аж. Аймгийн удирдлагын зүгээс 8-10 га газарт байгуулсан 200 орчим өрх бүхий ийм жишиг хорооллыг нэг нэгж болгон авч үзэж дэд бүтцийн холболт хийгээд, дунд нь бүрэн шаталт бүхий утааны шүүлтүүртэй халаалтын зуух тавьж байна.
Ийнхүү 200 өрхийн утаатай янданг нэг яндантай болгосноор хотын утааны бохирдлыг багагүй хэмжээгээр багасгана гэж тэд ярьж байв. Халаалтын системийн хувьд Европ стандартын “Coftline” хэмээх орчин үеийн технологийг энд суурилуулж байна. Энэ нь Монгол орны цаг агаарын нөхцөлд нэн тохиромжтой, хөлдсөн ч эвдрэл гэмтэлгүйгээр эргэж гэсдэг уян зөөлөн хуванцар хоолой бөгөөд газарт ердөө хагас метрын гүнд булж байгаа тул засварлаж шинэчлэхэд төвөггүй, иргэд өөрсдөө ч хийх боломжтой гэнэ. “Шинэчлэлийн Засгийн газрын өмнөө тавьсан нэн тэргүүний нэг зорилт бол хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн ая тухтай орчин бүрдүүлэх явдал. “Үүнийг уг нь бид нийслэлд анхлан туршихаар төлөвлөсөн ч Улаанбаатарын маань төлөвлөлт ихээхэн бэрхшээл учруулж, цаг хугацаа алдахаар байдалд хүрсэн. Энэ үед Сүхбаатар аймгийн удирдлагууд бүтээн байгуулалтын энэ том төслийг өөрийн аймагтаа хэрэгжүүлэх санал тавьсан юм. Саяхан үүрэг даалгавар аваад явсан хүмүүс өнөөдөр ажлаа ид өрнүүлж байгааг харахад урамтай байна. Хүч шаардсан аливаа ажлыг зоригтой хийхэд мөнгө төгрөгөөс илүү нэг хүчин зүйл түлхэж өгдөг гэдгийг эндээс би бас харлаа. Энэ бол нэгдмэл хүсэл зориг юм шүү” гэж Н.Алтанхуяг сайд “Шарга” хотхонтой танилцах үеэрээ хэллээ. Бүтээн байгуулалтын жишээ болох энэ ажлын эхний цэгээс нь тайлбарлаж танилцуулсан нэвтрүүлэг МҮОНТВ-ээр гарч байгааг үзэгчид андахгүй болсон. Шинэ үеийн бүтээн байгуулалтын нэг түүхийг түмэн олондоо гэрчлэн хүргэж буй хөтлөгч Гүрээ маань шинэ төлөвлөлт хийнэ ээ гэж ярьдаг барилгачин болчихсон явж байна хэмээн Ерөнхий сайд хошигнож байв гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ