Сүхбаатарт өрнөсөн бүтээлч ажил чамлахааргүй үр дүнтэй байна

img

Аймгийн төвд 2012 онд гэхэд хэд хэдэн томоохон бүтээлч ажил өрнөж байна. Эдгээрээс онцлох зарим ажлыг аймгийн удирдлагууд товчхон танилцуулсан юм. Аймгийн төвд дөрвөн чиглэлд 5.4 км зам шинээр тавьж, хоёр чиглэлд 3172 квадрат метр явган зам, 6 км замын дагуу иж бүрэн гэрэлтүүлэг тавьж байна. Мөн Баруун-Уртын төв зам дагуу 12 жилээр нэрлэсэн чулуун цогцолбор байгуулж, тойрог замын голд хоёр хөшөө босгож, аймгийн төвд үерийн далан байгуулж дуусчээ. Түүнчлэн, Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэнг барьж эхлүүлээд байна. Хоёр жилийн өмнө хар замын асфальтын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан нь замын гол бүтээгдэхүүнийг орон нутагтаа хямд төсөл үйлдвэрлэх боломж бүрдүүлж, эдгээр ажлын ард богино хугацаанд гарахад нь дэмжлэг болжээ. Баруун-Урт суманд 640 хүүхдийн сургууль, 150 ортой цэцэрлэг, Түмэнцогт суманд 320 хүүхдийн сургууль, 200 ортой дотуур байрны барилга шинээр барьж байна. Дарьганга, Наран, Халзан сумын ЗДТГ-ын конторын барилгын ажлыг эхлүүлж, Дарьганга, Эрдэнэцагаанд Соёл, урлаг, спортын өргөө, Баруун-Урт суманд 50 ортой төрөх эмнэлэг, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс, ХАА, жижиг дунд үйлдвэрийн газрын конторын барилгыг шинээр барьж байна. Хувийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Уртад 360, 240, 30, 36, 75 айлын орон сууц барьж байна. Тус сумын 7-р багийн 36, 27, 48 айлын 5 байр, 1-р багийн цагаан 24 айл, Эрчмийн 8 айлын орон сууцанд гадна засвар хийжээ. Улсын төсвийн санхүүжилтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт хилийн боомтын ерөнхий төлөвлөгөөг энд онд боловсруулж дуусна. Суурин газрын түвшинд байгуулагдах энэ хилийн боомтод 3000-5000 хүн ам оршин суух худалдаа үйлчилгээ, тээвэр ложистикийн төвтэй томоохон суурин газар босгохоор ийнхүү төлөвлөж байна. Ирэх жилүүдэд төсөвт үе шаттайгаар барилга, инженерийн шугам сүлжээг барих хөрөнгийг суулгаж шийдвэрлэхийг орон нутгийн удирдлага Засгийн газрын тэргүүнээс хүсч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ