Хятадын Ерөнхий сайд өөрийн гэр бүлийн эрхэлдэг бизнесийг шалгуулахыг хүсчээ

img

БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн Вэнь Зябао өөрийн гэр бүлийн эрхэлдэг бизнесийн цэвэр ариун эсэхийг шалгаж өгөхийг хүсч Коммунист намынхаа удирдлагад хандсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүний гэр бүлийн гишүүдийн эрхэлдэг бизнесийг шалгаад эхэлчихжээ. Гэхдээ холбогдох байгууллагууд шалгалтын дүнг ил болгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Аравдугаар сарын сүүлээр түүний гэр бүлийн гишүүдийн эрхэлдэг бизнесийн талаар Барууны хэвлэлүүдэд мэдээлэгдсэнээр шуугиан дэгдсэн билээ. Тэдгээрт Хятадын Ерөнхий сайдын хамаатнууд 2.7 тэрбум гаруй долларын өртөгтэй актив эзэмшдэг хэмээн мэдээлсэн аж. Ялангуяа түүний гэр бүл Вэнь Зябаог өндөр албан тушаалд байх үед мэдэгдэхүйц баяжсаныг хэвлэлүүд онцолжээ. Ерөнхий сайдын гэр бүлийн гишүүд Хятадын даатгалын томоохон компаниудын нэг Ping An-д хэдэн хувийн оролцоотойг судлаж байна. 2007 онд тус компани дахь түүний дотны хүмүүсийн оролцоо 2.2 тэрбум долларт хүрч байсан гэдэг. Ерөнхий сайдын өмгөөлөгчид түүнд нуугдмал хөрөнгөтэй хамаатан байхгүй гэж мэдэгджээ. Тэдний өгүүлснээр бол Вэнь Зябао өөрийн гэр бүлийн гишүүдийн эрхэлдэг бизнест хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд өөрийн явуулж буй бодлогод ямар нэгэн нөлөөлөл гаднаас аваагүй аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ