Тагнуулчид бидэн дунд

img

... “БҮХ АЙХТАР ХҮМҮҮС ТАГНУУЛААС ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН БАЙДАГ. БИ Ч ТЭДНИЙ НЭГ” ХЭМЭЭН АНУ-ЫН ЭКС ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХЕНРИ КИССИНЖЕР НЭГЭНТЭЭ ХЭЛСЭН БАЙДАГ. ОХУ-ЫН ШИНЭЭР СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН Ч ТАГНУУЛЧ БАЙСАН БИЛЭЭ...

Хэн дуртай нь тагнуулч болж болно. Сониуч зандаа хөтлөгдөх юм уу шан харамж горьдох нэгэн бий. Бусад нь адал явдалтай амьдралаар амьдрахыг хүсч, үзэл бодолдоо хөтлөгдөн, эс бөгөөс аргагүй эрхэнд, тэнэг зангаасаа болж, бүр өөрөө ч мэдэлгүйгээр тагнуулч болсон байдаг. Өнөөдөр дэлхийн кино урлагт тагнуулчдын тухай өгүүлэх бүтээлүүд олноор хийгдэж, үзэгчид ч тэдгээрийг шимтэн үзэж буй. Домогт туршуул Жеймс Бондын тухай цуврал кино сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд маш их амжилт олж, манай хойд хөрш ОХУ-ын хүн бүр Гитлерийн Германы тагнуулын байгууллагуудад шургалсан Штирлиц туршуулын тухай киног ядаж нэг удаа үзсэн байдаг билээ. Тэд өдгөө үндэсний хэмжээний баатрын зэрэгт хүрсэн аж. Гэвч бодит амьдрал дээр бол тагнуулч хүн зоосон мөнгөтэй адил хувь заяатай байдаг. Тэд нууцлаг амьдралаар амьдарсаар хорвоог орхих нь бий. Эсвэл хэн нэг өөр хүний нэрээр халхавчлан зовлон, шаналал дунд амьдардаг билээ. Байнга айдас, түгшүүртэй амьдрахаас гадна насны эцэст орь ганцаар үлдэнэ. Манай сонин тагнуулч гэх энэ нууцлаг мэргэжлийн тухай өгүүлэхээр шийдэв. Тагнуулчдын амьдрал, дэлхий дахинд тэр бүр мэдэгдэж ил болоогүй эмгэнэлт хувь заяа, зовлон зүдгүүр, гунигийн тухай өгүүлэх болно. Сүүлийн олон зуун, магадгүй хэдэн мянган жилийн туршид тагнуул, туршуулууд бидэн дунд байсаар ирсэн. Театрын жүжигчин лугаа адил тагнуулч хүн хэд хэдэн амьдралаар зэрэг амьдрах ховорхон боломжийг хүртэн өөрт ноогдсон дүрээ амилуулах хэрэгтэй болдог. Иран улсад ажиллаж, амьдарч байсан Зөвлөлтийн нууц туршуул Андрей Вартанян үйл ажиллагааны халхавч болгож элдэв амттан худалдаалдаг жижигхэн мухлаг ажиллуулдаг байжээ. Түүний хүү Геворк Вартанян ч эцгийнхээ замналаар амьдарсан билээ. Андрейн жижиг мухлагийн өгч байсан ашиг, орлого түүнд өөрийн тагнуулын бүлгийн ажлыг элдэв саадгүй явуулахад хүрэлцэж байснаас гадна зарим үед илүү ч гардаг байв. Дэлхийн II дайны үеэр түүний эх орон руугаа гуйвуулж байсан мөнгөөр бүхэл бүтэн танк хийсэн юм. Мөн Хүйтэн дайны үед нууцаар үйл ажиллагаа явуулж байсан Зөвлөлтийн шилдэг тагнуулчдын нэг Конон Молодый ч өөрөө өөрийнхөө санхүүжилтийг зохицуулдаг байсан гэдэг. КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны санхүүжилтээр нээсэн түүний хөгжим, тоглоом болон худалдааны автомат машин түрээслүүлэх бизнес нь боломжийн ашиг, орлого авчирч байснаар Молодый өөрийн тагнуулын сүлжээнд харъяалагдах хүмүүсийг зохицуулж байсан төдийгүй өөрийн гол хувь нийлүүлэгчийн данс руу багагүй хэмжээний мөнгө гуйвуулдаг байжээ. “Миний мэдэлд байсан дөрвөн пүүсийн эргэлтийн хөрөнгө болон ашиг, орлого хэдэн сая фунт стерлингээр үнэлэгдэж байсан. Жил ирэх тусам тэр маань өсч үржиж байсан бөгөөд социалист өмч байсан юм шүү дээ. Гайхалтай, гэхдээ энэ бол бодит үнэн” гэж Молодый ЗХУ-д эргэж очсоныхоо дараа дурсчээ. Тагнуулын албанд ажиллаж байсан ахмад туршуулууд өөрсдийн дурсамжаа бичиж үлдээх нь бий. Английн тагнуулын албанд ажиллаж байгаад хожим нь ЗХУ-ын талд ажиллах болсон Жорж Блэйк дэндүү даварсан гэдэг. Тэрбээр “Gold” гэдэг нууц нэртэй ажиллагаанд оролцож, 1966 оны 10 дугаар сарын 22-нд Лондон хотын чанга дэглэмтэй шоронгоос оргосноороо зард гарсан нэгэн юм. 2006 оны намар тэрбээр Британийн засаг захиргаатай шүүхдэлцэж, Страсбург хотод төвтэй Европын хүний эрхийн шүүх дээр ялалт байгуулсан билээ. Их Британид “Жорж Блэйкийн зугталт” нэртэй ном хэвлэгдэж гарсан бөгөөд хуулиараа бол тэр уг номонд өгүүлэгдсэнийхээ төлөө 7000 евро авах ёстой гэж үзсэн юм. Түүний хэргийг Лондон хотын шат шатны шүүхүүд 1991 оноос хойш хэлэлцэж сунжирсан гэдэг. Страсбургийн шүүх энэ урт хугацаанд нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдсөн тул сэтгэл санааны хохиролд 5 мянган евро, шүүхдэлцэх зардалд гаргасан 2 мянган еврог нэмж Британи улс төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан аж. Бараг инээд хүрмээр хэрэг аж. Гэхдээ ийм зүйл үргэлж тохиодоггүй билээ. Ердийн театраас ялгаатай нь тагнуулчдын амьдралд бүх юм бодит байдаг юм. Энд засвар, найруулга нэмж хийж болдоггүй билээ. Хятад улс. XI зууны эхний хагас. Хагас зуун жил орчмын тэртээ киданчуудын түрэмгий улс Ляотай дөнгөн данган эвлэрээд байсан Сүн улс баруунаас довтлох тангуудуудын дайралтад өртөөд байсан юм. Энэ дайн хэсэг намжин, эргээд шинэ эрч хүчээр сэлбэгдэн гурав дахь арван жилээ үдэж байлаа. Сүн улсын цэрэгтэй бараг ижил түвшинд хүрсэн тангуудууд авьяаслаг цэргийн жанжингууд болон удирдагчидтай болоод байв. Тийм учраас цэргийн шууд тулгаралт Сүн улсад ялалт байгуулах боломж олгохгүйгээс гадна хүчээр илүүрхэх байдлыг өгөхгүй байсан юм. Сүн улсын удирдагчид стратегиэ өөрчилжээ. Цаазаар авахуулах ял сонссон хэний ч танихгүй нэгэн гэмтнийг гэнэт өршөөн хэлтрүүлэв. Түүний толгойг мулзалж, Буддын шашны лам дээл өмсүүлээд зогсолгүй зөгийн баланд дүрсэн лаван бөмбөлгийг хүчээр залгиулаад тангууд нар руу илгээжээ. Хуурамч лам мэдээж хэрэг баривчлагдсан бөгөөд яргалалд өртсөн байна. Тэр үеэрээ мань нөхөр сэжигтэй зүйл залгиснаа хүлээжээ. Түүнд тэр даруй туулгах тан өгсөн аж. Гарч ирсэн зүйлийг нээж үзээд тангуудууд Сүн улсын хааны илгээлтийг олж уншив. Их эзэн тэрхүү илгээлтдээ Сүн улсын талд нууцаар үйлчилдэг тангуудын түшмэд, жанжингуудад хандаж талархал илэрхийлсэн байна. Тангуудын хаан үүнд үнэмшсэн бөгөөд урван тэрслэгчдийг хатуу шийтгэхийг тушаажээ. Сүн улсад ийнхүү хэрэг болсон нэр нь тодорхойгүй тэр гэмт этгээд амиа золиослогч тагнуул байсан юм. Амиа золиослогч тагнуул гэж хэн болох, өөр ямар төрлийн туршуулууд байдаг, тэд яах гэж хэрэг болдгийг Сүн улс болон тангуудуудын тулгаралтаас 1500 жилийн тэртээ Хятадын аугаа стратегич Сүнь Зы бичсэн байдаг. Түүний бичсэн “Бин фа” буюу “Дайн тулааны урлаг” нэртэй бүтээл нь өдгөө ч цэргийн эрдэмд суралцаж байгаа хүмүүсийн ширээний ном хэвээр байгаа юм. Энэ бүтээлд “Энэрэн нигүүлсэл, шударга ёс гэдгийг мэдэхгүй хүн тагнуулуудыг ашиглаж чадахгүй” гэж бичсэн байдаг нь үнэн хэрэг дээрээ бол нарийн мэдрэмжтэй, ур ухаан сайтай хүмүүсийг туршуул болгон дайсан руу илгээвэл амжилт олох боломжтойг илтгэнэ. Сүнь Зы болон Хятадын бусад гүн сэтгэгч жанжингууд аливаа дайн нь хоосролыг авчирна гэдгийг ойлгож байсан билээ. Аливаа дайн их хэмжээний зардал шаардаж, хор хохирол нь асар их байдаг нь тодорхой зүйл. 100 мянган цэргийг нэгэн туган дор жагсаавал ард нь 700 мянган гэр бүл эцэж, туйлддаг гэдэг. Иймээс ямар ч хамаагүй үнээр дайн дажнаас зайлсхийхийг хүсч байсан нь тодорхой юм. Тийм учраас маш чухал мэдээллийг олж ирсэн ганцхан туршуул бүхэл бүтэн армитай дүйцэж байжээ. Аливаа дайны үед тагнуул, туршуулуудын гүйцэтгэх үүрэг маш чухал байдаг. Энэ бол цэрэг, армийн түшиц болдог суурь багана билээ. Зөвхөн шалгарсан эрс л тагнуулч болох боломжтойг Сүнь Зы өгүүлжээ. “Эсрэг туршуул” гэдэг нэр томъёо одоогоос 900 жилийн тэртээ жинхэнэ утгаараа үүссэн гэдэг. Түүнийг тухайн үеийн Сүн улсын эсрэг ашигласан юм. Сүн улс Киданы Ляо гүрэнтэй тэмцэлдэж байх үед киданчуудын гарт Сүн улсын Засгийн газрын туршуул Чин Гуй орсон байна. Түүнийг хангалттай урамшуулаад буцааж илгээсэн аж. Мань хүнийг оргон зайлж дөнгөсөн мэтээр ойлгуулахыг хичээв. Эх орондоо буцаж очоод Чин Гуй хааны ордонд алба хашихаа үргэлжлүүлсэн бөгөөд өндөр чадвар, билэг авъяасынхаа хүчээр маш хурдан тушаал дэвшин удалгүй ерөнхий захирагчийн суудалд заларсан байна. Тиймээс Сүн улсын бүх удирдлага эцсийн дүндээ Киданы нууц туршуулын гарт төвлөрчээ. Киданы удирдагчтай зөвшилцсөн төлөвлөгөөний дагуу ажилласнаар Чин Гуй тус улсын цэргийн хүчирхэг байдлыг нөхөн сэргээх бүх ажлуудыг зогсоосон бөгөөд дайнд бэлтгэх асуудлыг намжаасан байна. Тэрбээр мөн Сүн улсын гарамгай жанжингууд болон эх оронч үзэлт түшмэдүүдийг суудлаас нь ховхолжээ. Ингэснээр тэр Дундад улс буюу Хятадыг Умард ба Өмнөд гэсэн хоёр улсад хуваагдахад хүргэсэн юм. Сүнь Зыгийн сургаалийг дагагчид түүний дэвшүүлсэн санаануудыг баяжуулж иржээ. Японы сэтгэгч Сорай XVIII зуунд тагнуулчдыг бөө, тэнэмэл гуйлгачин, лам, худалдаачин, эмч домч, шивэгчин эмэгтэйн дүрээр илгээвэл зохилтойг тэмдэглэж байв. Өдгөө хүүхэд, залуусын үзэх дуртай нинжа нарын тухай киноны баатрууд ч дээд зэргийн туршуулууд байсан гэдэг. Тэд Х зуунд бий болсон гэж үздэг билээ. Японыг нэгтгэх феодалын дайны үеэр нинжа нар нэрд гарсан юм. 1460 оноос эхтэй тэр дайн бараг 150 жилийн туршид үргэлжилсэн билээ. Нинжа нарын талаар домог мэт зүйл яригддаг. Хар өмсгөлтэй, ар нуруундаа богино шулуун сэлэм зүүсэн, дээр нь олон тооны хүйтэн зэвсгээр өвч зэвсэглэсэн эдгээр дайчид тухайн үед тагнуул, туршуулын үйл ажиллагаа явуулахаас гадна хөлсний алуурчдын хувиар амь зогоодог байжээ. Японыг нэгтгэх дайны төгсгөл үед Токугава Иэясу гэгч ноён тэдний туслалцааг ихээр авсан мэдээ бий. Цэргийн ерөнхий жанжин буюу шогуны суудлыг булаалдахдаа тэрбээр гол өрсөлдөгч болох Тоётоми Хидэёриг үгүй хийгээд нинжа нар эргээд өөрийнх нь эсрэг хэрэглэгдэж магадгүй гэдгийг ойлгосон байна. Тийм учраас Токугава тэр үед хамгийн хүчирхэг байсан Кога болон Ига гэдэг нэртэй нинжа нарын хүчирхэг хоёр бүлэглэлийг хооронд нь тэрсэлдүүлжээ. Үүний улмаас 1604 он гэхэд нинжа нараас маш цөөн тооны хүн амьд үлдсэн билээ. Үлдсэн цөөхөн хэд нь түүнд үнэнч байхаа андгайлсан тул амьд үлдсэн аж. Дайн дуусч, дотоод эв түнжингээ цогцлоох ажил ундарсан тул тагнуулчдын хэрэг бараг үгүй болов. XI-XIII зуунд Ойрхи Дорнод болон Европ тивд засгийн эрхэнд гарахыг эрмэлзэгчид тагнуул, туршуулуудын туслалцааг ихээр авдаг байсан юм. Бидний сайн мэдэх аялагч Марко Поло (1254-1324 онууд) л гэхэд Монголын эзэнт гүрний тагнуулын албаны ажилтан байсан билээ. Рашид ад-Дин ч туршуул байсан гэж ярилцдаг. XIX зуунд уран бүтээлээ туурвиж байсан олон зохиолчид, түүний дотор Александр Дюма, Вальтер Скотт нар туршуулуудын талаар зохиолдоо дэлгэрэнгүй өгүүлдэг байсан билээ. Ер нь бол Европ тивд тагнуулын үйл ажиллагааг нэр хүндтэй, адал явдал бүхий орлого сайтай ажилд тооцдог байжээ. Их зохиолч Чарльз Диккенс өөрийн “Барнеби Раж” романдаа учир битүүлэг тагнуулчийн тухай тодорхой өгүүлсэн юм. Цэргийн тагнуулын үйл ажиллагаа Францын нэрт жанжин Наполеоны явуулсан аян дайны үеэр хүчээ авсан билээ. Наполеоны гол туршуул болох Карл Шульмейстер түүнд ялалт байгуулахад нь ихээхэн тус нэмэр хүргэж байсан юм. Тэр этгээд дайсны боловсруулсан төлөвлөгөөг мэдэж олоод зогсохгүй Наполеоны цэргийн төлөвлөгөөг худал мэдээлэх зэргээр Австри болон Оросын хааны цэргийг ялагдал хүлээхэд хүргэж байжээ. Одоо үед цаг огт өөр болсон. Цэргийн зэвсэг, техник илүү боловсронгуй болж байгаатай холбоотойгоор тагнуулчдын мэргэжил жинхэнэ цэцэглэж байна. Хэрэв өмнө нь дайсны цэргийн тоо толгой, түүний байршлын талаар мэдээлэл цуглуулах шаардлагатай байсан бол алсын тусгалтай их буу, галт зэвсэг зэрэг бий болсноор энэ төрлийн зэвсгийн талаарх нарийн мэдээлэл, түүнийг үйлдвэрлэх арга технологийг судалж мэдэх нь чухал болов. Үүний хариуд улс, орнууд өөрийн цэргийн аж үйлдвэрийн нууцуудыг чандлан нууцалж эхэлсэн тул тэдгээр мэдээллийг олж мэдэхийн тулд тагнуулын бүхэл бүтэн сүлжээ ажиллуулах хэрэгтэй болсон билээ. Зарим нэг тагнуулчид өөрсдийн олж мэдсэн мэдээллийг сонирхож буй гүрнүүдийн төлөөлөгчдөд санал болгож, наймаалцсанаар амь насаа дээсэн дөрөөн дээр тавих болсон нь нууц биш. Өдгөө олон улс, орон мэргэжлийн тагнуулчдын сүлжээг олноор байгуулан, тэд нь ямар нэг үнэ цэнэтэй байж болох аливаа мэдээллийг зогсоо зайгүй цуглуулах болсон аж. Мэдээж хэрэг, энэ сацуу тагнуулчдын эсрэг сөрөн зогсох албадыг сөргүүлэн байгуулж эхлэв. Тагнуулын алба болон Сөрөх тагнуулын алба нь ийнхүү хамт хөгжиж ирсэн юм. Тагнуул болон сөрөх тагнуулын ажлыг Америкийн домогт мөрдөх товчоо болох Pinkerton, Inc-ийг үндэслэгч бөгөөд тэргүүн Аллан Пинкертон гаргууд хийсэн билээ. Түүний байгуулсан мөрдөх товчоо үйл ажиллагаа явуулсан 150 жилийн хугацаанд домог болон яригдах болжээ. Ямар ч байсан Аллан Пинкертоны удирдсан мөрдөх товчоо Америкийн түүхэнд эргэлт авчирсан үйл явдлуудын гол тоглогчид болж байсан юм. Шотландын Глазго хотын уугуул энэ эр эрх чөлөөний орон болох Америкийг зориод нэгэн хэвийн амьдралаар амьдарч байлаа. Нэг өдөр Аллан мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэдэг хүмүүсийн орогнодог газрыг олж мэдээд нутгийн шерифт зааж өгсөн аж. Дараа нь тэр нэгэн зартай залилан мэхлэгчийг бараг ганцаараа шахуу барьж авсан тул гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт эргэлт, буцалтгүй хүчин зүтгэхээр шийдвэрлэсэн байна. Аллан Чикаго хотын шерифын туслахаар ажилд оров. Гэвч төрийн албанд Пинкертон удаан тэссэнгүй. Гэхдээ энэ нь түүний буруугаас болоогүй юм. Түүний дарга нар дэндүү унхиагүй байсан нь Алланы дургүйцлийг төрүүлжээ. Удирдлага нь орон нутгийн удирдлага, баячууд болон зартай гэмт хэрэгтнүүдээс дэндүү хамааралтай болсон байв. Тийм учраас Аллан Пинкертон Чикаго хотын анхны хувийн мөрдөгч болохоор шийдсэн аж. 1850 онд тэрбээр “Пинкертоны Үндэсний мөрдөх товчоо” гэдэг сүржин нэртэй хувийн мөрдөх товчоогоо байгуулжээ. Нийт 10 мөрдөгчийг ажиллуулж эхлэв. 1861 оны нэгдүгээр сард Пинкертоны үйлчилгээг нэг бус удаа авч байсан Wilmington & Baltimore Railroad компанийн тэргүүн Сэмюэль Фелтон мөрдөгчийг Балтимор хотод яаравчлан ирэхийг гуйв. Америк оронд тэр үед Иргэний дайн дэгдэхэд ойрхон байсан юм. Тиймээс Фелтон өмнөдийнхөнд талтай ажилтнуудын зүгээс төмөр зам дээр нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулж магадгүй хэмээн айж байлаа. Аллан Пинкертон өөрийн баруун гар болох Тимоти Уэбстер, зүүн гар болох Кэйт Уорн зэрэг хэд хэдэн мөрдөгчөө дагуулан яаравчлан очжээ. Тэд тус хотод хуурамч нэрээр буудалласан бөгөөд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар зэхэж байгаа хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийн араас мөрдөж эхлэв. Сэмюэль Фелтоны таамаглал талаар өнгөрсөнгүй. Үнэхээр л тус хотод хорлон сүйтгэх үйл ажиллагаа явагдахаар бэлтгэгдэж байв. Хуйвалдагчдын төлөвлөгөө нэлээн далайцтай болохыг мөрдөгчид олж мэджээ. Босогчид Филадельфиэс Вашингтон орох замдаа Балтиморт түр зогсолт хийхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгч Линкольны амь насанд халдахаар бэлтгэж байв. Пинкертон, Фелтон нар энэ аюулаас сэргийлэхийн тулд Ерөнхийлөгч дээр очиж уулзсан байна. Иймэрхүү цуу яриа, мэдээллийг нэг их ойшоож, хүлээж авдаггүй Линкольн тэр удаад тэдний үгэнд оржээ. Ингээд түүний хөлөглөх галт тэрэг өмнө нь төлөвлөж байсанчлан Балтимороор өглөө дайрч өнгөрөх бус харин шөнө нь явахаар болсон юм. Мөн ямар нэг зогсолт хийхээс татгалзав. Бүх замын туршид Пинкертон төрийн тэргүүний дэргэдээс салаагүй бөгөөд анхаарал болгоомжтой байсан гэдэг. Галт тэрэг Вашингтон хотод ямар нэг саадгүй хүрсний дараагаар Ерөнхийлөгчийн бие хамгаалагч Фелтонд “Нандин чавга жимсийг ястай нь хамт ямар нэг саадгүй хүргэж ирлээ” гэсэн үгтэй цахилгаан илгээсэн байдаг. Энэ явдал маш их шуугиан дэгдээсэн бөгөөд баатар эрийн талаар Америк даяараа ярьж эхэлсэн юм. Гэвч хэн нэгэн ямар нэг хуйвалдаан огтоос байгаагүй гэсэн яриаг дэгдээж орхив. Пинкертон, Фелтон нар өөрсдийн нэр хүндийг өсгөх зорилгоор алан хядагчдын тухай зөгнөлт зохиол бичсэн гэж их мэдэгчид цуурч байлаа. Энэ яриа дэндүү их газар авсан учир Ерөнхийлөгч Линкольн хүртэл үүнд нь бараг итгэжээ. Тэрбээр Пинкертоныг өөрийн хамгаалалтын албаны даргын үүрэг ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ ажлыг тусгайлан байгуулсан албанд даатгав. 1865 онд Линкольн жинхэнээсээ алагдсаны дараагаар л Пинкертоны тухай эргэж дурсахад хүрсэн билээ. Балтимор хотод болсон хэрэг явдал дахин яригдаж, түүний толгойлсон мөрдөх товчооны нэр хүнд огцом өсчээ. “Хэрэв тэд байсан бол манай Ерөнхийлөгчийг аварч чадах байсан шүү дээ” гэж захын нэг америк хүн бодоод Пинкертоны мөрдөх товчоонд хандаж эхэлсэн юм. Тэрхүү бүтэлгүйтсэн алан хядах ажиллагаанаас хойш хэдэн долоон хоногийн дараа Умард болон Өмнөдийн дунд Иргэний дайн дэгдсэн билээ. Дайны эхээр өмнө нь Иллинойс мужийн төмөр замын ерөнхий инженерээр ажиллаж, Пинкертоны туршуулуудын явуулсан хэд хэдэн амжилттай ажиллагаануудын гэрч болж байсан Умардын генерал Мак-Клеллан эртний танилдаа хандан Өмнөдийн цэргийн тоо толгойн талаар баттай мэдээлэл олж өгөхийг хүсчээ. Хувийн мөрдөгч эр дайсны ар талд биечлэн очиж, шаардлагатай мэдээ, мэдээллийг олж дамжуулав. Эсрэг талын тагнуулчид ч зүгээр суусангүй. Умардынхны цэргийн ажиллагаа ар араасаа бүтэлгүйтэж эхэлсэн аж. Тэгэхээр тэдний дотор тагнуул шургалсан байж таарна. Цэргийн нэгэн зөвлөгөөний үеэр умардынхан хүчирхэг тагнуулын албатай болохоор шийдвэрлэжээ. Мак-Клелланы зөвлөснөөр энэ хэргийг Пинкертонд даалгасан байна. Түүний тэргүүлдэг агентлаг хэсэг хугацаанд өнөөгийн Тагнуулын төв газрын үүргийг гүйцэтгэсэн юм. Мөрдөгчид өдөр, шөнөгүй ажилласнаар тэрхүү ялагдлуудын гол буруутнуудыг олж тогтоожээ. Вашингтон хотын үзэсгэлэнт бүсгүй Рози Гринхаугийн ховсонд орж, хөл алдсан олон тооны харчуул Умардын цэргийн штабт ажиллаж байсан аж. Тэд түүнд цэргийн ангиудын байршлыг өгүүлсэн маш нууц зэрэглэлд хамаарах газрын зургуудыг өгснөөс гадна зэвсэг, техникийн төрөл, тооны талаарх нарийн мэдээллийг дамжуулснаар тулалдаануудын үр дүнд муугаар нөлөөлөхөд хүргэжээ. Үүнийг мэдээд Пинкертон тэр бүсгүйд хөл алдаж, дурласан цэргийн өндөр албан тушаалтны дүрд хувирахаар шийдэв. Гринхаугийн өмнө өөрийг нь цоо ширтэх хошууч Аллан гэдэг эр хөндөлссөнөөр эмэгтэй тэсэлгүй түүнийг гэртээ урьсан байна. Пинкертон тагнуулч эмэгтэйг баривчилжээ. Тэр даруй түүний гэрт нэгжлэг хийжээ. Хамгийн үнэтэй олдвор бол Өмнөдийн тагнуул, туршуулуудын нэр, хаягийг бичсэн улаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр байсан юм. Гэхдээ Гринхау Пинкертоноос өшөөгөө авч дөнгөв. Түүний өшөө авах гол хэрэгсэл нь хувийн мөрдөгчийн баруун гар гэгдэх Тимоти Уэбстер болсон билээ. Энэ хүн Пинкертоны хамтаар хэд хэдэн томоохон ажиллагааг амжилттай явуулсан нэгэн. Гэхдээ түүний авьяас чадвар дайны жилүүдэд илүүтэйгээр илэрсэн аж. Уэбстер өмнөдийнхний цэргийн департаментад клеркийн ажилд орсон бөгөөд тэдний нууц баримт бичгүүдийг хамгаалж явах үүрэг хүлээв. Замдаа тэр тэрхүү нууц баримт бичгүүдийг задлаж үзээд, агуулгынх нь талаар туршуулууддаа мэдээлж, дараа нь очих газарт нь хүргэж өгдөг байжээ. Дайны маш эгзэгтэй үед Ерөнхийлөгч Линкольн эргэлзэн тээнэгэлзэж байгаа хүмүүсийг өөрийн талд татахын тулд нэгэн өршөөлийн хуулийг санаачилсан билээ. Тэрбээр Өмнөдийн талд тулалдаж явсан эмэгтэйчүүдийг суллахаар шийдсэн юм. Өршөөгдсөн хүмүүсийн дотор Рози Гринхау ч багтжээ. Үүнийг мэдээд Пинкертон эмэгтэйчүүдийг Уэбстер зэрэг Гринхаугийн таньж мэддэг туршуулуудын ажилладаг байсан Виржини мужаас холхон шиг суллаж явуулахыг хүссэн аж. Гэвч түүний хүсэлт эсрэгээрээ эргэсэн юм. Хоригдсон эмэгтэйчүүдийг яг Виржини мужид сулласан байна. Гринхау суллагдаад Уэбстерын хүмүүстэй тааралдаад тэднийг барьж өгчээ. Удалгүй Уэбстер ч баригдсан аж. Түүнийг 1862 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ричмонд хотод дүүжлэн хороов. Энэ явдлын дараагаар Пинкертон тагнуулын албаны даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргажээ. Гэхдээ тэр Засгийн газартай хамтран ажиллахаа үргэлжлүүлсэн юм. Пинкертон дайны он жилүүдэд төрийн захиалгыг гүйцэтгэх үедээ ихээхэн хөрөнгөжсөн санхүүгийн залилан хийгчдийг илрүүлж байсан билээ. Тэгэхэд л мань хүн түүний үүрэг, зорилго бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг барьж, илчлэх явдал гэдгийг эцэслэн ойлгосон гэдэг. Эх сурвалж www.wikimon.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Umhii halzan Bold Mongoliin Tagnuuliin baiguullagiig ugui hiij, gadaadiin tagnuuliin baiguullagiin tuluunii etgeed, turhsuulald bolomj olgoson doo. chi uheed tamd unaarai. eh ornoo hudaldsan hun hezee ch uuduluhgui dee
2012-11-07
Зочин:
Сонрхолтой сэдэв байна.Их сэтгэгчид хятадад байсан уу гэвэл бйсан шүү дээ. харин одоогийн манай Монголд л ямар тагнуул, хорлон сүйтгэгчид нь мэдэгдэхгүй хүмүүс их байх юмаа. Идэрхий хохиролтой гэрээ хийх, идэрхий алдаатай бодлого явуулах нэг байгууллага дотор ч бүүр яг хорлон сүйтгэгч байгаад байгаа юм. тэд нарыг олж харж, тэрнийг нь хэлчихдэг хүн байхгүй юм даа
2012-11-07
Зочин:
За боль доо, туйлшрана гэж энийг хэлэх байх. "...1500 жилийн тэртээ Хятадын аугаа стратегич Сүнь Зы..." ч гэх шиг тэрний номлолоор бэлтгэгдсэн армийг 800 жилийн тэртээ Чингис хаанаар удирдуулсан Монголын арми бут цохиж, тэр Сүн Улсыг чинь будаа болгоо биз дээ. /тэр үед Хятад 100 сая, Монгол 4 сая хүн амтай байв/. Сун Зы-г чинь барууныхан аль хэдийн хогийн сав руугаа шидчихсэн шүү дээ. Аугаа их Чингис хаан, түүний үр сад Монголчууд мандтугай
2012-11-06