
Өмнөговь аймагт хайгуулын болон ашиглалтын лицензтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа Терра энержи компанийн туслан гүйцэтгэгч Поларис компанийн ажилтан Алтангэрэл согтуугаар машин унаж хурд хэтрүүлж яваад айлын гэр дайрч гурван том хүн, нэг хүүхдийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг энэ есдүгээр сард гарсан билээ.
Эзэн холбогдогч нь тодорхой энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдээгүй байгаа юм. УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан дээрх хэргийн хохирол, эцэслэн шийдвэрлэлт ямар шатандаа яваа, уул уурхайн салбарт ажиллаж байгаа тухайн компанид ямар хариуцлага тооцох талаар асуулга тавилаа.
Энэхүү аймшигт, хариуцлагагүй үйлдэлд зөвхөн согтуу жолооч биш, согтуугаар машин жолоолдсон ажилтнаа кемпээс гаргасан уурхайн компани ч давхар хариуцлага хүлээх ёстой гэж тус бүлгийнхэн үзэж байгаа юм. Уул уурхайн сайд эмэгтэйчүүдийн асуулгын хариуг 20 хоногийн дотор өгөх хуультай аж. Асуулгын хариуг хүлээлгүйгээр эмэгтэйчүүдийн бүлгийнхэн Мөн Өмнөговь аймгийг зорьж ослын газарт очих гэнэ.
Энэ дашрамд дурдахад, гудамжинд явж байгаад кранд дарагдаж нас барсан Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж есдүгээр сарын 3-ныг "Есүгэний өдөр буюу Аюулгүй орчны өдөр” болгох хуулийн төсөл санаачилжээ. Ингэж хууль санаачилж чуулганаар батлагдсанаар есдүгээр сарын 3-ныг хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаараа танилцуулж байхаар хэлэлцэж байгаа гэнэ.
Э.Хулан www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ