Монгол Улсын их хурлын гишүүн гэдэг амттай "бялуунаас" татгалзана гэдэг хэн хүний аавын хөвгүүдийн гаргах араншин, эр зоригийн асуудал биш ээ. Парламентын түүхэнд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буй дөрөв дэх хүнээр У.Хүрэлсүх тодорч, өдгөө БНСУ-ыг зорьжээ. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцээд хүлээн авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн хэн нь ч асуулт асуух гэсэнгүй, санал хэлэх ч гэсэнгүй, өөрөө хүсч байхад хүндэтгэх ёстой гэцгээсэн юм.
У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж өргөдлөө өгөхдөө “БНСУ-руу яаралтай явах шаардлага байгаа тул миний өмнөөс хүсэлтийг минь өгчихөөрэй” гэж хүсчээ. Тиймээс маргааш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд УИХ-ын гишүүнээс нь чөлөөлнө.
Шулуухан үгтэй, омголон зантай энэ эрхэм яагаад улстөрчдийн өдрийн бодол, шөнийн зүүд нь болж, тэмүүлдэг парламентын гишүүний хүндтэй суудлаас татгалзах болов гэдэг нь анхаарал татаж байна.
Шалтгаан 1
Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний эхнэр нь үнэхээр хүндээр өвдөж , БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Бага ангийн багшаар олон жил ажиллаж байгаа, ааш зан сайтай, халамжит хань нь бамбай, нуруу нугасны хүнд мэс засал хийлгэсэн байна. Төрийн ордонд МАН-ын гишүүд суулт зарлаж, ардчилал устлаа хэмээн лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байхад тэмцэгч У.Хүрэлсүх харагдахгүй байсан нь ийм учиртай аж.
Эмч нар түүний гэргийгийн амь насыг аврахын тулд дахин мэс засал хийлгэх шаардлагатай гэжээ. Тиймээс дэргэд нь байж, удаан хугацаагаар асрах хэрэгтэй болсон байна. У.Хүрэлсүх өмнө нь өгч байсан ярилцлагууддаа "Би эхнэрээ хэзээ ч солихгүй, намаа ч солихгүй, эр хүн шиг жудагтай байхыг илүүд үздэг" хэмээн хэлж байсан удаатай. Хүний амьдрал гэдэг эрээнтэй бараантай. Олон жил ханилж, хоёр хүүхдийг төрүүлж өсгөсөн гэргийгээ өвдөхөд У.Хүрэлсүх албан ажлаа нэгд тавилгүй, гэр бүлээ эрхэмд үзэж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ уламжилжээ. Тэрээр би удаан хугацаагаар хуралдаанд сууж чадахгүй болох нь, тэгж төрийн ажлыг завхруулж байхаар дараагийн хүнд шилжүүлье гэсэн байна. Олон удаа хагалгаанд орж, мэс заслын ширээн дээр шаналж байгаа эхнэрээ тэр эрх мэдлээс илүүд үзжээ. Бас эхнэрээ сахиж, төрийн ажлыг цалгардуулж суухыг тэр хүссэнгүй.
Шалтгаан 2
У.Хүрэлсүх улс төрд үнэхээр нөлөөтэй явсан цаг саяхан. Жирийн улс төрийн ажилтнаас генсек, армийн бага дэслэгчээс сайд хүртэл 22 жил тасралтгүй улс төрд явахдаа сайн, муу аль алиныг нь хангалттай сонссон. У.Хүрэлсүхэд шазруун, давилуун явсан үе бий. Харин нас тогтоод, ухаажаад ирсэн үү, яасан сүүлийн жилүүдэд арай өөр болж, амин хувийн гэхээсээ илүү хэтийг харсан шийдвэр гаргах болсон удаатай.2012 оны сонгууль болохоос таван сар гаруйн өмнө АН хамтарсан засгаас гарч, МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж, У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн байлаа. Төрийн алба данхайж байгааг өөрчилж, цомхон чадварлаг болгох зоригтой алхамыг хийж чадахгүй байна, хамтарсан засгийн "ихэрлүүлсэн " Тэргүүн шадар сайдынхаа орон тоог ч цомхотгосонгүй гэсэн шүүмжлэл хүчтэй гарч байв. Ерөнхийлөгч ч зэмлэсэн аясаар хандаж, байр сууриа илэрхийлж байлаа.
Тэр үед У.Хүрэлсүх намынхаа нэр хүндийг бодож, Тэргүүн шадар сайдын суудалд суухаасаа татгалзсан юм. Албан тушаалд шунах "өвчнөө" давж чадсан болохоор энэ удаад УИХ-ын гишүүнээсээ татгалзах түүнд тийм ч хэцүү байгаагүй биз ээ.
Шалтгаан 3
Намын нэрийг солих асуудал өрнөж байх үед генсекээр ажиллаж байсан У.Хүрэлсүх "МАХН гэдэг нэрийг МАН гэж солиод сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ" гэж ам бардам хэлсэн хүн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН ялагдал хүлээсэн юм. У.Хүрэлсүх намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болов. Тэртэй, тэргүй МАН-ын генсекийн албан тушаалаа хуулийн дагуу хүлээлгэн өгөх учиртай. Тэгэхээр энэ нь хариуцлага үүрч, огцорч байгаа асуудал гэж үзэх үндэслэл тааруу.
Тиймээс түүнийг хариуцлагаа хүлээнэ, нөгөө бардам амлалт нь хаачив, албан тушаалын сүүдэрт бүдгэрэх үү гэсэн шүүмжлэл тасраагүй. Харин У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь хариуцлагаа үүрсэн шиг үүрч байгаагийн илэрхийлэл. Шинэ парламент бүрдэх үед нам ялагдсан хариуцлагаа үүрч байна гээд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан бол улс төрд жинхэнэ соёлыг соёолуулах байлаа даа.
Шалтгаан 4.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байна хэмээн хардах хүмүүс байна. Гэхдээ эхнэрээ өвдүүлж, түүнийгээ асрахаар УИХ-ын гишүүний зөөлөн суудлаасаа татгалзсан, халамжтай, өгөөмөр хань гэсэн пиар түүнд зохихгүй.Гэр бүлээ эрхэмлэдэг энэ эрхэм ийм асуудлаар ч улс төр хийхгүй ээ. Хувийнхаа амьдралыг улстөртэй хутгаж, түүгээрээ рейтингээ өсгөнө гэвэл харин ч уруудахын нэр. УИХ-ын гишүүн байж байгаад Ерөнхийлөгчид өрсөлдөж болохгүй гэсэн хуульгүй. Хүсвэл байвал боломж нээлттэй буй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр ийм шийдвэр гаргасан гэдэг нь үнэнд үл дөхнө.
Шалтгаан 5
Хэвлэлийнхэн, ажиглагчид У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ яагаад татгалзах болсон талаар өөр олон таамгуудыг дэвшүүлсээр байна. Н.Номтойбаярын бие хамгаалагч У.Хүрэлсүхэд МАК-аас 600 сая төгрөгийг авлига өгсөн гэж мэдэгдсэн, түүнчлэн Шивээ-Овоогийн уурхайн хууль бус өмчлөлийн асуудал гарч ирж Авлигатай тэмцэх газар түүнийг шалгах болсон гэх таамаг хийсч байна. Түүнчлэн Г.Баярсайхан гишүүнтэй гар зөрүүлсэн нь шүүх хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн, ял сонсоод байсан Хадгаламж банкны хэрэг нь дахин сөхөгдсөн учраас гадагшаа гарч зугтаах гэж байна хэмээн цуурч байгаа.
Хэрвээ хэрэг төвөгт орооцолдон шалгагдаж байгаа бол УИХ-ын гишүүн гэсэн дархлаанаасаа салахыг хүсэхгүй. Нотлох баримтыг газар дээр илрүүлээгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлдэггүй айхтар сүрхий хамгаалалт бий. Өмнөх парламентын үед хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх гэсэн боловч газар дээр нь нотлох баримтыг бүрдүүлүүлээгүй гээд УИХ хүлээж аваагүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн гэсэн эрхэм албан тушаал дөрвөн жилийн хугацаанд "аавынд" морилохоос сэргийлэх хамгаалалт шүү дээ. Тэгэхээр зугтаасан гэдэг нь үнэмшил муутай байна.
Гэхдээ түүнийг яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзах болсон жинхэнэ үнэнийг цаг хугацаа л харуулна.
Х.Тэргэл
Эх сурвалж: www.times.mn