
Сингапурын Марина Бэй Сандст ирэх баасан гарагт болох IBO-гийн дэлхийн аваргын төлөө тулалдах хоёр боксчин өчигдөр хэвлэлийнхэнд зориулан нээлттэй бэлтгэлийг хийлээ. Файтворкс бэлтгэлийн зааланд болсон уг хамтарсан бэлтгэлд Монголын боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв оролцож, сэтгүүлчдэд тоглолтын өмнөх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр IBO-гийн өдөн жингийн дэлхийн аваргын төлөө Индонезийн Дауд Иордантай тоглох гэж байгаа юм. Чой аль хэдийнэ 41 нас хүрсэн ч өнгөрсөн жилийн 10-р сард Английн мэргэжлийн боксийн хамгийн их үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй тэмцээнд тооцогддог Prizefighter Тэмцээнд оролцож, нэг орой 3 боксчинг хожин 2 дахь удаагаа аваргалсан билээ.
Тэрээр “өөрийнхөө туршлагыг давуу тал болгон, дэлхийн аваргын бүсийн төлөө чадах бүх зүйлээ рингэн дээр гаргана” гэдгээ сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Түүнийг өмнө нь Жэк Доути болон Ли Уилкинс нарын дэлхийн аварга боксчидтой хамтран ажиллаж байсан Спенсер Фирон промоутерлэж байгаа бөгөөд сэтгүүлчдэд өгсөн яриандаа ялалт байгуулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурьджээ.
Британы алдарт боксийн тайлбарлагч Жон Раулинг нэгэнтээ Чой Цэвээнпүрэвийн талаар “Домогт Костя Цюд өгөх Британийн хариулт” гэж тодорхойлсон байдаг. Түүний тулаан энэ өвөл болох Азийн хамгийн том тулаануудын нэгт тооцогдож байгаа билээ. 25 настай, Индонезийн дэлхийн аварга боксчин Д.Ёрдан өнгөрсөн тавдугаар сард авсан бүсээ хамгаалах эхний тоглолтоо хийх гэж буй нь энэ юм.
Дауд Ёрдан гэж хэн бэ?
Дауд Ёрдан 1987 оны зургадугаар сарын 10-нд Индонез улсын Баруун Калимантан мужийн Кетапанг хэмээх тосгонд төржээ. Түүний эцэг Херманиус Лай Тьюн нь хятад гаралтай байсан бөгөөд боксийн хорхойтой хүн байж. Энэ нь ч түүний зургаан хүүхдээс дөрөв нь мэргэжлийн боксчин болсноос тод харагддаг. Түүний хамгийн том ах Дамиан Ёрдан нь сонирхогчийн боксоор улсын аваргаар гурван удаа тодорч байсан бөгөөд өдгөө дүүгийнхээ дасгалжуулагчаар ажилладаг. Тэрчлэн түүний ах Питер Ёрдан болон дүү Иохан Ёрдан нь нар нь чамгүй сайн амжилтыг мэргэжлийн боксод үзүүлж байгаа юм байна.

Түүний хамгийн анхны багш нь тухайн үед Индонезийн сонирхогчийн боксийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан куба мэргэжилтэн Карлос Йесүс Ренате Торес байжээ. Чухам энэ хүн түүнийг өсвөрийн шигшээ багт анхлан авч, хэд хэдэн олон улсын тэмцээнээс медаль хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн түүнийг дуудахдаа хятад гаралтай учраас “Чино” буюу испаниар Хятад гэж нэрлэдэг байсан нь өдгөө Ёрданы хоч нь болон олонд хүрсэн билээ.
Гэвч Ёрдан сонирхогчийн боксоор хичээллэхийг хүссэнгүй, ердөө 18 насандаа мэргэжлийн боксод хөл тавьжээ. 2005 оны наймдугаар сард түүний анхны өрсөлдөгч нь А.Питулая хэмээх мөн л залуу боксчин байсан бөгөөд дөнгөж эхний раундад техникийн нокаутаар өрсөлдөгчөө хожжээ. Үүний дараа 10 тоглолт дараалан ялалт байгуулж, түүнийхээ наймд нь хугацаанаас нь өмнө өрсөлдөгчөө хожсон тэрээр WBO-гийн өдөн жингийн залуучуудын дэлхийн аваргын бүсийн төлөө Реман Салим хэмээх боксчинтой тоглох болсон байна. Энэ тулаанд ч тэрээр илт давамгайлж 8-р раундад хүнд цохилтоор ялалт байгуулж, өөрийгөө ирээдүйтэй боксчин юм гэдгээ ахин нэг батлан харуулсан байна. Чухам энэ үеэс түүний нэр Индонезийн төдийгүй Азийн боксийн ертөнцөд цуурайтаж, ирээдүйн дэлхийн аварга хэмээн хэвлэлийнхэн цоллож эхэлжээ.
Ингэж явсаар 2008 онтой золгож, тэр жилийнхээ 9-р сард тэрээр АНУ-д хамгийн анхны тоглолтоо хийх болсон гэдэг. Лас Вегасын алдарт MGM гарденд тэрээр Мексикийн боксчин Антонио Мецатай тоглосон бөгөөд найман раундын дараагаар оноогоор ялж, нэр алдар нь улам цуурайтсан юм. Ингэж хэлсний учир нь тэрээр Америкт болсон тулаанд ялалт байгуулсан анхны индонез боксчин болсон билээ. Түүний өмнө Индонезийн гурван ч боксчин Америкийн дэвжээнээ тулалдаад бүгд ялагдаж байсан аж. Үүнийхээ ачаар тэрээр домогт боксчин Оскар Де Ла Ойягийн удирддаг “Алтан Жаал” проумоутерийн компанитай урт хугацааны гэрээ байгуулж чадсан юм.
Ийнхүү нэр амжилтын замнал нь өсч явсан тэрээр Р.Алланикийг буулгаж аван WBO-гийн дэлхийн аварга цолыг хүртсэн ч 2010 оны дөрөвдүгээр сард анхныхаа ялагдлыг амсах нь тэр. Америкт нэвтрэх виз нь гаралгүй удсанаас шалтгаалан тоглолт болох ёстой байсан Флоридад дөнгөж хоёрхон өдрийн өмнө очсон тэрээр тун муу тоглолтыг өрсөлдөгч С.Кабалерогийн эсрэг үзүүлж, 2-р раундад нокаутаар унан, улмаар шүүгчийн саналаар ялагджээ. Энэ ялагдлын дараа хоёр тоглолтонд өрсөлдөгчөө нокаутаар ялсан Ёрдан яг нэг жилийн дараа нутаг нэгт Крис Жонтой WBA-гийн дэлхийн аваргын төлөө тоглохоор болжээ. Индонезийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу боксчдын нэг Крис Жонтой Ёрдан тун ойрхон хүч үзсэн боловч шүүгчийн саналаар ялагдаж, дэлхийн аварга болж чадаагүй. К.Жон 16 дахь удаагаа аварга цолоо хамгаалсан нь тэр байлаа.
Хоёр дахь ялагдлынхаа дараагаас эхлэн К.Жоны харьяалагддаг “Dragon Fire” промоутерийн компанид харьяалагдах болсон тэрээр өнгөрсөн 11-р сард Австралид Ф.Аркулетаг 4-р раундад буулгаж аван, улмаар таван сарын дараа IBO-гийн дэлхийн аваргын төлөө карьертаа нэг ч ялагдаагүй байсан Л.Вилуневаг дөнгөж 2-р раундад хүнд цохилтоор ялж дэлхийн аварга цолыг хүртсэн юм.
Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Индонезийн 2 боксчин болох Д.Ёрдан болон К.Жон нар баасан гарагийн үдэш Сингапурын энтертэйнмэнт төв гэж хэлж болох алдарт Марина Бэй Сандсд рингнээ хоёулаа гарах болно. Д.Ёрданы аваргаа хамгаалах хамгийн эхний учраа нь Монголын боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв байх билээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ