Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлыг хэлэлцлээ

img

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг  зохион байгуулжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд, тус яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны орлогч дарга, гишүүд, Мэргэжлийн зарим салбар зөвлөлийн дарга, гишүүд, тус яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодын гишүүд, чанарын болон хүний нөөцийн албаны дарга нар болон Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,  Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг бусад салбарын төлөөлөл оролцсон байна. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт хэлэлцүүлгийг нээсний дараа тус газрын мэргэжилтэн Д.Баярмаа эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн богино хугацааны үндэсний зөвлөхөөр ажилласан, хуульч Д.Тамир “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны нэгдсэн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ”-ний тайлан, салбар дундын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаарх зөвлөмжийг тус тус танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид бүлгээр ажиллаж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар тулгамдаж буй асуудлуудыг салбар бүрээр тодорхойлж, хамтын үйл ажиллагааг сайжруулах саналыг боловсруулж, харилцан танилцууллаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр шинжээч эмчийг томилоход тулгарч буй бэрхшээлийг харилцан ярилцаж, шийдэлд хүрсэн ба цаашид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene asuudal mash nuhatstai heleltseh asuudal mun. Unuudur emch nariin yos zuin auudal mash muu bgaa
2011-11-02