
Монголын анагаах ухааны академийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Оргилын монгол хэлээр туурвисан, Төрийн шагналд нэр дэвшсэн “Өрхийн анагаах ухаан” хэмээх бүтээл нь Монголын Анагаах ухааны академийн ээлжит бус Чуулганаас олонхийн санал авч дэмжигдсэн байна.
Өрхийн анагаах ухаан. УБ, 2007 онд хэвлэгдсэн А4 хэмжээний нийт 1056 нүүр бүхий буюу 132 хэвлэлийн хуудас хэмжээтэй бөгөөд уг бүтээлийг академич Н.Баасанжав хянан тохиолдуулжээ. Энэхүү бүтээлийн шинэлэг тал, ач холбогдлыг нэгтгэн дүгнэвэл:
Дэлхий дахинд ХХ зууны 60-аад оноос үндэс суурь нь эхлэн тавигдсан Өрхийн анагаах ухаан хэмээх орчин цагийн анагаах ухааны нэгэн шинэхэн салбар шинжлэх ухааны онол, арга зүй, үндсэн зарчмууд, хөгжлийн хандлага чиглэлийн талаар монгол хэл дээр анх удаа нэлээд тодорхой өгүүлсэн байна.
Мөн Өрхийн анагаах ухааны практикийн тал буюу эмнэлгийн нэгэн шинэхэн мэргэжил болсон өрхийн эмч гэж хэн болох, ямар мэдлэг, чадвар эзэмшсэн байх, ажлын онцлог талууд, үйл ажиллагааных нь гол зарчмуудын талаар дэлхийн олон орны арга барил, туршлага дээр суурилан, тодорхой өгүүлсэн аж.
Түүнчлэн Хувь хүний, өрх-гэр бүлийн, хамт олны эрүүл мэндийн талаархи ойлголтуудыг болон өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үзэл баримтлал, орчин үеийн чиг хандлагыг гадаадын олон орны ололт амжилт, туршлагыг судласны үндсэн дээр тогтоосон төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан бодлогын шинжтэй томоохон өөрчлөлт, шинэчлэл болох өрхийн эмнэлгийн тогтолцоог шинээр үүсгэн байгуулахад зохиогч өөрийн биеэр идэвхитэй оролцож ирсэн ба тус улсад Өрхийн анагаах ухааны онол, арга зүйг эхлэн нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сүүлийн арав гаруй жилийн турш хийсэн судалгааныхаа ажлын зарим үр дүнгийн талаар нэлээд тодорхой өгүүлжээ.
Улмаар зохиогч өөрийн судалгааныхаа үр дүнд тулгуурлан, “Монгол хүний амьдралын үе шатны ангилал”, “ЭМАШТ-ийн үндэсний загвар”, “Өрхийн эмнэлгийн монгол загвар” зэргийг боловсруулан гаргасан нь манай эрүүл мэндийн салбарын өнөөгийн амьдралд бодитой хэрэгжиж байна.
Түүнчлэн зохиогч эмчилгээний болон эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын талаар олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан, анхан шатны эмнэлгээс хүүхэд, эмэгтэйчүүд, настан, бусад хүмүүст тохиолдох янз бүрийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн үед үзүүлэх тусламжийн талаар энэхүү бүтээлийнхээ олон бүлэгт маш тодорхой өгүүлсэн нь өнөөгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд ихээхэн тустай гарын авлага болсоор байгаа аж.
Б.Оргилын туурвисан энэхүү “Өрхийн анагаах ухаан” бүтээл нь 1990-ээд оноос эхлэн Монголын эрүүл мэндийн салбар, анагаах ухаанд нэвтэрч, өргөжин тэлж ирсэн өрхийн анагаах ухааныг хөгжүүлэхэд түүхэн нөлөө үзүүлсэн бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, засгаас явуулж буй үйл ажиллагааг дэмжих, ялангуяа манай орны төв, хөдөөд ЭМАШТ-ийг өргөжүүлэн сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулсан бүтээл учир Монгол улсын Төрийн шагнал олгохыг дэмжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ