Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өөрийнх нь өмнө ажиллаж байсан Анатолий Сердюковаас цөмийн чемоданыг хүлээн авлаа гэж Батлан хамгаалах яамны учрыг мэдэх дээд тушаалын төлөөлөгч хэлсэн байна.
“Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын ажил албан тушаалыг хүлээн авч байна. Тухайлбал, стратегийн зориулалттай пуужинт цэргийн байлдааны тоотуудтай холбоо барих төхөөргийг өчигдөр (лхагва гараг) түүнд шилжүүлэн өглөө” гэж тэр төлөөлөгч хэлжээ. Оросын батлан хамгаалах байгууллагын шинэ тэргүүн чамгүй туршлагатай хэдий ч сайдын ажил хэрэг, албан тушаалыг хүлээлгэн өгөх ажил нэг сараас багагүй хугацаанд үргэлжилж болно” гэж түрүүнд нь яамны төлөөлөгч мэдээлж байсан юм.
“Ойрын үед шинэ сайд ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлагатай уулзаж, зэвсэгт хүчний төрөл цэргүүдийн ерөнхий командлагч нар, түүнчлэн тойрог, флотын командлагч нартай биечлэн уулзаж ярилцана” гэж учрыг мэдэх тэр хэлсэн байна.
Мягмар гаригт төрийн тэргүүн Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковыг огцруулж, түүний оронд Москва мужийн захирагч Сергей Шойгуг томилсон юм. “Батлан хамгаалах яамны эргэн тойронд бий болсон нөхцөл байдлыг харгалзан, бүх асуудлыг бодитойгоор шалгах нөхцөл бүрдүүлэхийн тулд би Батлан хамгаалахын сайд Сердюковыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм” гэж Путин Ново-Огарево дахь өргөөнд Сергей Шойгутай уулзахдаа хэлсэн байна.
“Оборонсервис” компаниар дамжуулан армийн эд хөрөнгийг хууль бусаар хувьчилсантай холбоотой дуулиант хэрэгтэй холбогдон Сердюковын нэр ус дурдагдах болсон юм. Аравдугаар сарын 25-нд Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин хэлэхдээ, “Оборонсервис” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн мэдлийн үл хөдлөх хөрөнгө, газар болон хувьцааг борлуулахад луйвар хийсэн баримтаар таван эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн найман обьектыг худалдахад ойролцоогоор гурван тэрбум гаруй рублийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. “Оборонсервис” компанийн луйврын тухай хэргийг шалгах ажлын хүрээнд шаардлагатай бол Сердюковыг байцаана гэж Мөрдөн байцаах хорооноос мэдэгдээд байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ