Ч.Санжаадамба заан намба суужээ
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба өнгөрсөн ням гаригт болсон Монгол туургатны бөхийн V наадамд одтой сайхан барилдаж улсын начин Э.Энхбаттай үзүүр түрүүнд үлдэн, улмаар өвдөг шороодуулж түрүүлсэн билээ.
Ч.Санжаадамба заан монгол туургатны бөхийн наадамд өмнө нь гурван удаа түрүүлээд байсан амжилтаа бататгаж дөрөв дэх удаагаа ийнхүү түрүүллээ.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө Хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд түрүүлээд байсан.
Заалны барилдаанд одтой хэмээгддэг улсын заан Ч.Санжаадамба гиннесийн номонд бүртгүүлэх 6000 бөхийн барилдаанд түрүүлж, нэрээ бичүүлсэн ховорхон азтан. Тэрээр өвдөг шороодуулсан бөхчүүдээ тохойноос нь түшиж босгож байсан. Үүнийг нь харсан бөхийн хорхойтнууд "Заалны заан нэг хэсэг аархсан, бяралхсан барилдаанаасаа болоод зарим нэгний дургүйцлийг ихээр төрүүлдэг байсан, олны хэл амнаас зайлсхийв үү, сүүлийн үед ихэд “намба” сууж, хийгүй, даацтай мэх хийж барилдах болж" хэмээн ярилцах аж.
Н.Өрнө












Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ