
Монголбанкнаас шатахуун импортлогч 12 компанид 120 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Тэдэнд жижиглэнгийн борлуулалтыг дэмжих, үнийн тогтвортой байдлыг хангах харилцааг зохицуулахаар хөнгөлттэй зээлд хамрагдах сонирхолтой 15 компани хүсэлтээ ирүүлжээ. Тэдгээрээс гурав нь нефтийн бүтээгдэхүүн импортолдоггүй учраас “НИК”, “Магнай трейд”, “Жаст ойл”, “Сод монгол”, “Шунхлай”, “Ойн бирж”, “Синчи ойл”, “Мон петекс”, “Петро жамп”, “Ундарга ус” зэрэг 12 компанид уг зээлийг хувааж өгөхөөр болсон байна. Уг нь компаниуд 235 сая ам.долларын зээл хүссэн юм гэж Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү өчигдөр мэдээлсэн. Дээрх зээлийг олгохдоо хуваарилалтын зарчмыг ил тод байлгах үүднээс тухайн компанийн сүүлийн нэг жилд импортолсон шатахууны хэмжээг харгалзан үзсэн, мөн оруулж ирсэн шатахууныхаа хэдэн хувийг жижиглэнгээр борлуулсан бэ гэдгийг авч үзсэн байна. Цаашилбал жижиглэнгээр түгээдэг ШТС-уудын тоог харгалзжээ.
Энэ талаар Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд орлогч дарга Г.Өлзийбүрэн, Монголбанкнаас олгох 120 сая ам.долларыг тухайн компанийн харилцдаг банкаар дамжуулан өнөөдрөөс эхлэн олгож байна. Зээлийн гол зорилго нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад оршино. Зээлийн хүү маш бага буюу нэг жилийн дөрвөн хувиас доош хүүтэй байхаар тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нефть бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. “А-80”, “АИ-92” шатахуун 44 хоногийн нөөцтэй, дизелийн түлш 12 хоногийн нөөцтэй байгаа гэсэн юм.
Ийнхүү стратегийн бүтээгдэхүүн, түүний дотор нефть бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үнэ ханшийг нь тогтворжуулах хүрээнд шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк, нефть импортлогч компаниуд хамтран хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгууллаа. Гэрээний дагуу олгож буй уг зээл бол өмнө нь манай улсын хэмжээнд компаниудад өгч байгаагүй маш сайн нөхцөлтэй зээл бөгөөд цаашид дөрвөн жилийн хугацаанд нефть бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгахад анхаарах юм байна. Энэ үеэр дээрх компанийн удирдлагууд одооноос эхлээд хязгаарлалтаа зогсооё гэснээр ШТС-ууд хэвийн ажиллаж байна. Цаашид түлш шатахууны гадаад үнэ, валютын ханшнаас шалтгаалдаг тул үнэ өсөхгүй гэж хэлэх боломж алга.
Энэхүү зээл нь нэг компанийн импортоор худалдан авах шатахууны бүтэн жилийн худалдан авалтын 0.8-1.9 хувийн эргэлтийн мөнгөтэй тэнцэж байгаа болохоор үндсэндээ импортолсон шатахууныхаа 50 хувийг жижиглэнгээр борлуулдаг гэх юм бол 45-80 хоногийн шатахуун худалдаж авах эргэлтийн мөнгийг шийдэж өглөө гэсэн үг. Саяхан нийлүүлэлт ганц хоёр газар тасалдсаныг импортлогчид нөөц дууссан мэтээр тайлбарлажээ. Жилд нэг сая гаруй тонн нефть бүтээгдэхүүн хэрэглэдэг манай улс дунджаар 30-40 хоногийн нөөцтэй байдаг тул тэгтлээ сүр бадруулах хүндрэлтэй асуудал үүсээгүй бололтой.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ