
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан явагдаж байна. Өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэлсэн чуулганаар У.Хүрэлсүх болон Ц.Шаравдорж нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө. Ц.Шаравдорж гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн ба түүний оронд Ардчилсан намын ажлын албаны Б.Болдбаатарыг УИХ-ынТамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж урьд нь УИХ-ын тамгын газрыг туршлагатай, том хуульчид толгойлж байсан тухай жишээ дурдаад Б.Болдбаатарыг хуульчийнх нь хувьд голж буй тухайгаа илэрхийлсэн. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд, том жижиг хуульч гэдэг нь өөрийн чинь бодол байх. Би Болдбаатарыг тэнцэнэ гэж бодож оруулж ирсэн хэмээн хатуухан хариулт өгсөн юм. Мөн хэзээний чуулган бүр дээр мэтгэлцэх, хэрэлдэхийн хооронд байдаг С.Баярцогт гишүүн Ц.Нямдорж гишүүнтэй нэлээдгүй шөргөөцөлдөөд авсан юм. Өөрийн чинь олонхи байсан цаг өнгөрсөн, Монголын улстөрөөс зайлах цаг нь болсон гэх мэтээр С.Баярцогт гишүүн хатуухан дайрсан.
Үүний дараа нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байх, энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэх баяр болгож бүх нийтээрээ амарч байхаар тогтож санал хураасан юм. Улмаар хуралдаанд оролцогч гишүүдийн 90,9 хувийн саналаар энэ төсөл дэмжигдсэн.
Энэ үеэр ч Ц.Нямдорж, С.Баярцогт нарын мэтгэлцээн сэдвээ багахан өөрчилж үргэлжилсээр байлаа.
Улмаар хуралдаан түр завсарлаад 15.00 цагаас эхлэх байсан ч товлосон цагаасаа нэг цагаар хоцорч эхэллээ.
Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ