
Аргентины нийслэл Буэнос-Айрос хотноо мянга мянган жагсагчид засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагсаж байна. Энэхүү жагсаал нь тус улсад сүүлийн арван жилд болоогүй олон хүнийг хамарсан жагсаал болж байгаа юм. Жагсаалд оролцогчид нийгмийн сүлжээгээр иргэдийг цуглахыг уриалж байгаагаас ийм олон тооны хүн цуглуулахад нөлөөлжээ.
Цугласан эсэргүүцэгчид инфляцийн хэт өсөлт болоод хээл хахууль хэрээс хэтэрч байгаад дургүйцэн ийнхүү жагсаал хийж байгаа. 2011 оны ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн ерөнхийлөгч Кристина Фернандез дахин сонгогдсон нь өнөөдрийн үүсээд буй асуудлын гогцоо хэмээн нэрлээд байгаа юм. Тэрээр дахин сонгогдохдоо инфляцийг тогтвортой байлгаж үнийн савалгааг тогтоон барина гэж амалсан ч өнөөдрийн байдлаар инфляц 12 хувьд хүрээд байгаа нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгархад хүрээд байгаа юм.
Олон улсын валютын сангаас Аргентин улсыг арванхоёрдугаар сар гэхэд санхүүгийн хүндрэлд орж болзошгүй хэмээн сануулж байсан ч заасан хугацаанаас өмнө ийнхүү санхүүгийн хүндрэлд ороод байгаа юм.
Өнгөрсөн жилээс иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн ч асуудлыг доривтой шийдэж чадаагүйгээс өнөөдрийн ширүүхэн байдалтай нүүр тулаад байгаа аж. Аргентины үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан үзүүлэлт гараад байгаа нь үнийн хөөрөгдөл бий болох шалтгаан болоод байна. Энэ байдал удаан үргэлжилбэл ажилгүйдэл, ядуурлын тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ