
Нью-Йорк хотыг өнгөрсөн долоо хоногт дайрсан Сэнди хар салхины учруулсан хохирлоос гарч амжаагүй байхад дахин хар салхины аюул нүүрлэж Нью-Йоркийн иргэдийг хүндхэн байдалд оруулаад байна. Хэдийгээр хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ ирж байгаа ч хүн бүрт хүрч чадахгүй, хүрэлцээгүй байдал үүсээд байгаа аж.
Хүнсний хомсдлоос илүүтэйгээр шатахууны хомсдол үүсч байгаа хэмээн орон нутгийн засаг захиргаанаас мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан хотын захирагч Майкл Блүүмбэрг түлш шатахууныг нарийн хуваарилалттай тараах үүрэг өгчээ. Цаг агаарын нөхцөл байдал муудсантай холбоотойгоор хүмүүс энгийн үеээсээ илүүтэйгээр машинаа унаж байгаа учир шатахуун түлшний эрэлт их байгаа аж. Үүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсээд байна.
Одоогоор Нью-Йорк хотын нийт шатахуун түгээх цэгүүдийн 25 хувь нь л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгааа бол бусад цэгүүд шатахуунгүйн улмаас үүдээ хаажээ.
Тиймээс машины дугаарын тэгш, сондгойг харгалзан шатахуунаа худалдаалах болсон байна. Хотын дарга “Бид энэ хэцүү цаг үеийг хамтдаа туулах ёстой. Хэдийгээр одоо өрнөж буй бүх зүйлс хүндхэн байдалд байгаач үүнийг ямар нэг аргаар зохицуулах шаардлага тулгараад байна. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дургүйцэх хүмүүс байгаа ч бид үүнийг хийхээс өөр аргагүй. Юу ч хийхгүй байснаас хамаагүй дээр гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Шатахууны хязгаарлалтыг өнөө өглөөнөөс эхэлж байгаа. Гэхдээ түлшний хязгаарлалтад таксинууд болон түргэний тэрэг, онцгой байдлын албаны машинуудыг хамруулахгүй юм байна.
Одоогийн байдлаар Нью-Йорк болон Нью-Жерси хотуудад салхины хурд зарим газраараа 50-80 км цагийн хурдтай салхилж байна. Цасан шуурга шуурч байгаа газруудад 30 см-ийн зузаан цагаан бүрхүүл тогтсон байгаа хэмээн америкийн үндэсний цаг агаарын хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Мөн шуурга эхэлсэн цагаас хойш зарим бүсэд гэрэл цахиргаан тасарсан бөгөөд ойроцоогоор 300 мянган хүн гэрэл цахилгаангүй байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ