
Владивосток хотод Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АТЭС) дээд хэмжээний уулзалтад бэлтгэж, хийлгэхэд гаргасан мөнгөнөөс 93 сая гаруй рубль зувчуулсныг ОХУ-ын ДХЯ-ны ажилтнууд илрүүлжээ.
ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу (онцгой их хэмжээний мөнгө зувчуулсан хэргээр) эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийн талаар өөр дэлгэрэнгүй зүйл мэдээлэхгүй байгаа ч, оператив-эрэн сурвалжлах ажил явуулж байгаа ажээ.
АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтад зорилж барьсан бүх объектын улсын захиалагч, зохицуулагч болох Владивостк хот дахь Бүс нутгийн хөгжлийн яамны Алс Дорнодын захиргааны байранд өнгөрсөн пүрэв гаригт нэгжлэг хийсэн байна. Нэрээ хэлэхгүй байхыг хүссэн учрыг мэдэх хүмүүсийн ярьснаар, Алс Дорнодын их сургуулийн дутуу барьсан объектуудын даатгалтай холбогдуулан нэгжлэг хийжээ. 178 сая рубль зувчуулсан тухай эрүүгийн хэргийн хүрээнд нэгжлэг хийж байгааг л албан ёсоор мэдээлж байна.
Алс Дорнодын захиргааны дараа Москва дахь ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яаманд ч нэгжлэг хийж эхлэжээ.
АТЭС-ийн 2012 оны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн есдүгээр сарын 2-9-нд Владивосток хотын Русский аралд Алс Дорнодын их сургуулийн кампуст болсон юм. Дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд 600 тэрбум орчим рублийн хөрөнгө оруулсан байна.
Энэ арга хэмжээ болох үе гэхэд олон объект, түүний дотор Русский арал руу хоёр гүүр, зочид буудлууд барьж, зам тавьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ