
Өчигдөр оройноос эхлэн ихэнх нутгаар цаг агаарын байдал огцом муудан хүйтэрч цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болж, Баруун аймгуудын нутгаар огцом хүйтэрч зузаан цас орсон талаар Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт өнөөдөр сэрэмжлүүлэг анхааруулга мэдээ өгч байна. Мөн түүнчлэн өнөөдрөөс эхэлж бүх нутгаар хүйтний эрч улам чангарна.
Баруун сибирээс манай нутаг руу шилжин ирж байгаа хүйтэн агаарын нөлөөгөөр Баруун аймгуудын нутаг дээр өндрийн бага даралтын орон үүсч, өчигдрөөс тус аймгуудаар орж эхэлсэн цас өнгөрсөн шөнө баруун болон төвийн аймгуудын нутаг, Говийн аймгуудын хойд, Зүүн аймгуудын баруун хэсгээр 0.1-16.0 мм орж, хамгийн их нь Увс аймгийн Улаангом, Цагаанхайрхан, Баруунтуруун, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Уянга, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Мөрөн, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Баруунхараад 5-16.0 мм цас оржээ. Энэ цас өнөө маргаашдаа цасгүй байгаа нутгуудаар орж цасан шуурга шуурч хүйтэрнэ.
2012 оны арваннэгдүгээр сарын 09-ний өглөөний 8:00 цагийн ажиглалтын мэдээгээр Увсын Малчинд 54 см, Хяргаст 34 см, Баруунтуруунд 19 см, Цагаанхайрханд 14 см, Зүүнговьд 10 см, Завханы Түдэвтэйд 13 см,Тосонцэнгэл, Ярууд 11 см, Баянхонгорын Эрдэнэцогтод 11 см, Хөвсгөлийн Эг-Үүрт 20 см, Цагаан-үүр, Чандмань-Өндөрт 19 см, Улаан-Уулд 16 см, Мөрөнд 12 см, Чандагат, Бүрэнтогтоход 10 см, Өвөрхангайн Зүүнбаян-Улаанд 15 см зузаан цасан бүрхүүл тогтож, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Эг-Үүр, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болж, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасгүй бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй болоод байна.
Цаашдаа дахин цасан шуурга шуурч, цас ихтэй нутгуудаар өвөлжилт хүндэрч болзошгүйг цаг уурчид анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуургатай үед шаардлагагүй тохиолдолд гэр орноосоо гарахгүй байх, дулаан хувцаслах, малын хашаа саравчийг дулаалах, хэвтэр бууцыг сэргээх, хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах ажлыг цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, хүйтрэхээс өмнө зохион байгуулахыг нийт иргэд, малчид, тариалан эрхлэгчдэд анхааруулж байна. Мөн орон нутгийн нийтийн тээврийн зорчигч үйлчилгээний болон нийт жолооч нарт анхааруулахад техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин, техникээр үйлчлэх, шатахууны нөөцтэй явах, зам давааны нөхцөл байдлыг харж замд гарахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ